Ээлж хүлээлгүй эхлүүлсэн ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН

2022 оны 08 сарын 23

УИХ-ын намрын ээлжит чуулганыг хуралдуулахад хуулийн дагуу уг нь сар гаруйн хугацаа үлдээд буй. Гэвч сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, нийгэмд тулгамдсан хийгээд улс төрийн хүрээний шийдлээ хүлээсэн зарим асуудал, гадаад геополитикийн нөхцөл байдал ээлжит бус чуулганыг ээлж хүлээлгүй эхлүүлэх шалтгаан болж өчигдөр нээлтээ хийв.

Илүү сартай зун шувтарч намрын эхний хяруу унан, өндөр уулсын бүсэд анхны цас хялмааллаа. Хичээлийн шинэ жилийн нээлт, валютын ханшийн өсөлт, айсуй өвлийг зутралгүй давах эрчим хүчний эх үүсвэр хийгээд хүнсний хангамж, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх гээд олон асуудалтай зэрэгцэн үнийн дэгдэлт, инфляцын шуурга иргэдийн санааг зовоож буйг шийдэх зорилгыг ээлжит бус чуулган хэлэлцэх асуудлын жагсаалтдаа тусгасныг онцлууштай.

 

ГЕОПОЛИТИКИЙН СӨРГӨЛДӨӨНИЙ ХАЛУУН ГОЛОМТ ДУНДАХ МОНГОЛ УЛС

 

Энэ бүхнээс шалтгаалан ээлжит бус чуулганаар Нэгд, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсохоор болов.

Эхний асуудал ингэж Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдалтай холбогдож байгаа нь учиртай. Сүүлийн үед дэлхийн халуун цэг болоод буй голомтууд үндсэндээ Монгол Улсыг тойрон үүсээд байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс геополитикийн сөргөлдөөний халуун голомтын дунд сууж байгаа тул энэ байдлыг цэгнэх нь энэ чуулганы нэн чухал асуудал болов.

Хойд хөрш ОХУ Украинтай геополитикийн мөргөлдөөнтэй, өмнөд хөрш БНХАУ цар тахлын хөл хориотойн зэрэгцээ өөрийн бүрэлдэхүүн хэсэг болох Тайваньтай зөрчилтэй байгаа нь валютын нөөц хомсдох, улмаар ханш нь өсөх, монгол төгрөгийн валюттай харьцах харьцаа сулрах, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, экспортод саад учран гадаад худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлага бий болгож байгааг үгүйсгэх учиргүй. Худалдаа, бараа эргэлтийн гол сүлжээ болсон Эрээн боомтод цар тахлын улмаас удаа дараа хөл хорио тогтоосоор байна.

Гадаад нөхцөл байдал ээдрээтэй байгаа өнөө үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Ван И нар ээлж дараалан Монгол Улсад айлчилсан нь энх тайвны баян бүрд, эсрэгцлийг зүй зохистой шийдэх хэлэлцээ, зөвлөгөөн хийх хамгийн тохиромжтой газар нь Монгол гэж үзсэнийх гэлтэй. Үүнийг ч ээлжит бус чуулганы нээлт дээр онцоллоо.

Гадаад нөхцөл байдлын өнөөгийн төлөвийг үнэлэн, дээрх айлчлалуудаас гарсан дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй нь гадаад бодлогын өнөөдрийн чухал асуудлын нэг гогцоо чухам энэ болохыг нотлов.

 

ӨВӨЛ, ХАВРЫГ ХЭРХЭН ҮНИЙН ӨСӨЛТӨД ДАРАМТЛУУЛАЛГҮЙ, ЭРЧИМ ХҮЧ, ХҮНСНИЙ ХОМСДОЛГҮЙ ДАВАН ТУУЛАХ ВЭ?

 

Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлийг дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлт хийгээд бусад эрсдлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэхээр жагсаалтад багтаалаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэх, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргахаар болов.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх энэхүү хоёр дахь асуудлын тухайд ирэх өвөл, хаврыг үнийн өсөлтөд дарамтлуулалгүй, эрчим хүч, хүнсний хомсдолгүй даван туулахтай үндсэндээ холбогдож байна.

Хэлэлцэх асуудлын гуравт өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүссэн эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬДАА ХАЛДСАН НОЦТОЙ АЛДАА

 

Гурав дахь үндсэн асуудал бол хэн бүхний анхаарлыг татаад байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоол. Уг тогтоолыг УИХ-ын дарга ноцтой алдаа хэмээн дүгнэсэн нь анхаарал татаж байна. Иймээс Цэцийн алдааг яаралтай цэгнэх нь үндсэн асуудлын нэг боллоо. “Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй” хэмээн УИХ-ын дарга ээлжит бус чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дурдсан нь уг асуудлыг нэлээд углуургатай хэлэлцэх учиртайг нотолж байна.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв, Мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. Нэгэнт түүний наана ээлжит бус чуулган хуралдуулж буй тул инфляцийн өнөөгийн түвшин, цаашдын төлөв, валютын нөөц, мөнгөний ханш зэргийг тооцоолон ярилцаж, энэ оны төсөвт тодотгол хийх эсэх талаар ч ярилцаж  болохыг үгүйсгэмгүй.

Ийнхүү нэгэнт үүсэн бий болсон олон асуудлыг цэгцлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж ажилдаа орлоо.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(66.181.181.170) 2022 оны 08 сарын 23

Mash sain toim bn.

0  |  0
Top