Суудал бөглөх, тогтвор суурьшилтай ажиллах хоёр ялгаатай

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Ажил олгогчид ажилтныхаа аль цаг үед төрсөн талаарх мэдээлэлд тулгуурлаж анхаарал хандуулах болсон талаар судалгаа гарчээ. Үүнд дурдахдаа Z үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн хүүхэд залуус ажлын байрандаа тогтвортой ажиллаж буй дундаж хугацаа нь хоёр жил гурван сар хэмээв.

Гэхдээ үүнийг сайн тооцож үзвэл 1997 онд төрсөн хүн өдгөө 25 нас хүрч буй. Их, дээд сургуулиа 21-22 насандаа төгссөн гэж үзвэл тухайн хүн ажилд ороод хоёр жилийн хугацааг л үдэж буй нь тодорхой болно. Гэвч юм бүхнийг элдвээр гоочилж суудаг зарим ахмад үеийнхэн тус судалгааны үр дүнг цэвэр залхуурал, арчаагүй байдалтай холбон тайлбарлаж байна.

Хүн тухайн ажлыг хийхдээ хөдөлмөрийн гэрээний харилцаанд үндэслэж хийдэг тул хэзээ ажлаас гарах, өөр салбарт хүч үзэх, мэргэжил дээшлүүлэн суралцах нь цэвэр хувийн хэрэг болно. Нэг л удаа ажилд орсон бол тэр газраа насан туршдаа ажиллана гэсэн ойлголт нэгэнт хоцрогдсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ард иргэд нормын ажлаа хийж өөрийн нэг л чадах зүйлээ насаараа хийж ирсэн нь нэг талаар бахархал мэт санагдан тууштай байдлыг үлгэрлэж буй мэт.

Гэхдээ өнөөгийн нийгэмд хүн бүр цалингаас гадуур орлого, хэд хэдэн хувийн ур чадвар байхгүй бол зах зээлийн өрсөлдөөнд бүдэрчихнэ. Би нягтлан бодогчийн мэргэжлээр л төгссөн учраас үүнээс өөр ажил хийж чадахгүй гээд хойш суугаад байвал хоцорно. Тиймээс өөрийн чадвараа хөгжүүлж, хүрэх хязгаараа тэлж байгууллагын соёл бүрээс авахаа авч гээхийг нь гээх гэж хичээж буй залуу үеийн төлөөллөө тогтвор суурьшилгүй хэмээн битгий зэмлээрэй. Тогтвор суурьшилтай ажиллах, сайн мэргэжилтэн болох хоёрын хооронд нэлээд зөрүү бий шүү дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөрүү (66.181.166.134) 2022 оны 07 сарын 08

тэгээд ”нэлээд зөрүү” гэдэг нь юу юм бэ? тодорхой хэлээч! фетиша

0  |  0
Top