Голын эрэг үү, хогийн цэг үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Зуны амралт эхэлсэн энэ үеэр Туул голын эрэг дагуу амарч зугаалах иргэдийн цуваа зөвхөн амралтын өдрөөр үргэлжилдэггүй. Голын эрэг дагуух бүс өдөр бүр амрагчдын хөлд дарагдах болжээ.

Ачиж, цэвэрлээд ч барамгүй их хогонд Туул голын эрэг дарлуулсан байх юм. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын эрэг хогийн цэг болчихсон юм болов уу гэлтэй. Манай сонины сурвалжлах багийг ийм л нөхцөл байдал угтлаа.


ХОГ АЧДАГ Ч БАЙНГЫН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙДЭГ ГАЗАР АЛГА

Нар хурцаар ээсэн өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дагуу газрыг бараадах иргэдийн дараалал их байсан юм. Олны нэрлэдгээр бол Гачуурт явах зам л даа. Машиныхаа тээшинд майхан, газан плитка, дэвсгэр болон хүнсний зүйлээ ачсан иргэд үтэр түргэн голын эрэгт юмаа төвхнүүлж, сэрүүцэхийн түүс болж байгаа харагдав. Гэхдээ энд байгалийн сайхныг харж нүдээ баясгахаас илүүтэй энд тэнд овоолж өмхийрүүлсэн хур хогийг харж сэтгэл эмзэглэхээр дүр зураглалтай байлаа. Овоолсон хогон дунд энэ хавийн айл өрхөөс гарсан ахуйн хог харагдсангүй. Учир нь пивоны хуванцар сав болон лааз, бэлэн гоймонгийн уут, ундааны сав, хүүхдийн живх, архины шил гэх мэт аяллаар явахдаа хэрэглээд хаясан зүйлийн хогоор Туулын ногоон зүлэг дүүрчээ. Мөн ахуйн газны хаягдал ихээр байсан нь халуун наранд удаан байснаар ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэсэн баталгааг өгч чадахгүй харагдав. Түүнчлэн амарч зугаалахдаа авч ирсэн ахуйн хогоо уутлаад буцах иргэд байгааг онцлох хэрэгтэй. Гэсэн ч хогоо авч явж дийлэхгүй нь олонх байгааг илтгэсэн овоолсон их хог өвсөн дунд хөглөрсөөр байлаа. Туул голын ай сав газрын захиргаанаас цэвэрлэгээ, тохижилтын ажилд анхаарал тавьдаг эсэхийг лавлабал “Манайх тогтмол биш ч гэсэн голын эрэг дагуу цэвэрлэгээ хийдэг. Байнгын хуваариар цэвэрлэх боломжгүй тул санаачилгаараа бохирдол ихтэй хэсэгт очиж сайн дурын оюутнуудтай хамтран цэвэрлэдэг. Хог ачих, тээвэрлэх асуудлыг дүүрэг болон Хот тохижилтын газар бүрэн хариуцдаг” гэв.

 

ХООЛ БОРЛУУЛАХ ГЭР 20, БИЕ ЗАСАХ ГАЗАР НЭГ

Голын эрэг дагуу аялагчдын майхнаас илүүтэй хуушуур, шорлог борлуулах гэрүүд олон байв. Барагцаалбал 20 гаруй гэр, асар, ТҮЦ зэрэгт хоол борлуулах ба амрахаар ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй байна. Гэвч энэ олон хоол борлуулах цэг байрлах бүсэд ганцхан модон жорлон байх аж. Гаднаас нь харвал хар ногоон өнгөөр будсан цэвэрхэн харагдах модон жорлонгийн хаалгыг нь сөхвөл тэвчихийн аргагүй өмхий үнэр ханхалж байлаа. Шалан дээр нь битүү өтгөн, шингэн хэрэглэсэн ариун цэврийн цаасны үлдэгдэл наалдсан ийм бохир жорлонд бие засахаас илүүтэй хээрийн “эко” ариун цэврийн өрөөг хэрэглэхийг илүүд үзэх нь амрагчдын буруу биш ажээ. Мөн модон жорлонгийн хажууханд хэдэн үнээ бэлчингээ хээв нэг өвс зулгааж байх зуур гадаа нь овоолсон хог салхинд хийсэж малын аманд орох шахам байв. Туул голын ай сав газрын захиргаанаас гаргасан уриалга, санамж самбарт бичсэнээр энд хог хаях, ил задгай гал түлэх, эд зүйлс болон машин угаахыг хориглодог байна. Гэвч амрагчид хориглосон заалтын цөмийг нь зөрчдөг аж. Тус бүсэд хоол борлуулдаг иргэдийн хэлж буйгаар сүүлийн долоо хоногт хог ачилтын машин огт ирээгүй гэнэ. Тийм учраас хэдэн өдөр овоорсон хог ингэтлээ хальж байгаа нь энэ аж. Заримдаа 14 хоногт нэг удаа хог ачилтын машин ирэх тохиолдол байдаг гэв.

 

АВРАХ БАГИЙНХАН 26 ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ

Хог ачих, цэвэрлэх асуудлаас гадна голын усанд осолдох, улмаар амь насаа алдах тохиолдол их бий. Биднийг Туул голын эрэг дагуу сурвалжилга бэлтгэж байх үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын эргүүлийн алба хаагчид таарлаа. Эргүүлийн ажилтан машиныхаа цонхоор биеэ ил гаргаж болчимгүй үйлдэл гаргасан хэдэн залууст дуут дохиогоор анхааруулга өгмөгц тэд тэр дорхноо тухайн үйлдэлдээ гэмшив бололтой машиндаа бүрэн бүтэн сууж харагдав. Аврагчдын хувьд өдөр бүр голын эрэг дагуу амрагчдад анхааруулга хүргэж, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэхээр ажилладаг байна. Өнгөрсөн 14 хоногт үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Завьт эргүүлээр холбогдох байгууллагын 182 албан хаагч 30 машин, 20 завьтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хүрээнд гол ус даган амарч, зугаалж байгаа 5000 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэж, 26 хүний амь аварлаа” гэв. Мөн энэ он гарснаас хойш насанд хүрсэн таван иргэн, гурван хүүхэд, нийт найман хүн усанд эндэж, амиа алджээ. Туулын эрэг дагасан асуудал мундахгүй их байв. Энэ удаад бид зөвхөн хогийн асуудлыг сөхлөө. Голын эрэг бараадсан амрагчид нь ч тэр, бүс нутгийг хариуцсан  засаг захиргааны газар нь ч тэр хаа, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй санагдлаа. Эрүүл, цэвэр цэмцгэр эко орчныг бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг энэ удаагийнхаа сурвалжилгаар хөндлөө.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2024 оны 04 сарын 09

Үхэр монголчуудын хоосон тархины үйлдэл нэг иймэрхүү дүр зурагтай байдаг. Тэд зөвхөн өөрийгөө л хичээдэг өчүүхэн сэтгэхүйтэйгээс гадна байгаль орчин, эхиорныг минь хаа явсан газраа бузарлаж байдаг арчаагүй сүгнүүд. Их хурал, эрх мэдэлд байгаа нь эх орныг минь тонон дээрэмдэж баялгийг минь хулгайлж завшина.

2  |  0
Top