2022.01.20-ноос хойш эргэн төлөлт огт хийгээгүй 24 ЗЭЭЛДЭГЧ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

 

Хөгжлийн банкны зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар тус банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа дараах мэдээллийг  өгч байна.

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 39 зээлдэгч 240 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийжээ.

2018 онд анх зээл олгосноос хойш эргэн төлөлт огт хийгээгүй Газ-Импорт ХХК, Инжир ХХК байна. Харин 2022 оны 1 дүгээр сарын 20-иос хойш эргэн төлөлт хийгээгүй 24 зээлдэгч байна.

Олгосон нийт зээлийн хувьд 2012-2022 оны хооронд 7 их наяд 477 тэрбум төгрөгийн зээл олгосноос:

Дамжуулан зээл 1 их наяд 565 тэрбум /Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн багц бөгөөөд дэд зээлдэгчийн эрсдэлийг арилжааны банкууд хариуцдаг/

Улсын төсвийн багц 2 их наяд 540 тэрбум /улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, голчлон дэд бүтцийн салбарт олгосон зээлийн багц/

Төслийн орлогоос төлөгдөх шууд зээл 3 их наяд 372 тэрбум /төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төсөлд Хөгжлийн банк өөрөө судалгаа хийж олгосон зээлийн багц/ байна.

Капитал банк болон Чингис хаан банкныхаас бусад дамжуулан зээл төлөгдөж дууссан аж.

2016 онд төсөвт шилжүүлсэн багцын хувьд 355 төсөлд 1 их наяд 477 тэрбум төгрөг болон 673 сая ам.долларын зээл олгожээ.

Идэвхтэй зээлийн багцын хувьд 57 зээлдэгчийн зээл идэвхтэй байгаагаас хэвийн 16, анхаарах 3, чанаргүй 38 байна.

Хаагдсан зээлийн хувьд, 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан. Үүнээс төслийн орлогоос эргэн төлөгдсөн 649 тэрбум, бусад активаар эргэн төлөгдсөн 29 тэрбум, тусгай активын үйл ажиллагааны хүрээнд эргэн төлөгдсөн 14 тэрбум төгрөг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top