Таван толгойн тендерийн дүн гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Хятадын «Шинхуа» корпорац Монголын Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах төслийн хамгийн их буюу 40 хувийг нь эзэмшихээр болжээ. Энэ тухай «Чайна дейли» сонин мэдээллээ. Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерт 10 гаруй гадаадын консорциум оролцсон байна. Тус сонинд бичсэнээр, Монголын Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах эрхийг гадаадын 3 хөрөнгө оруулагчид олгосон байна. «Шинхуа» корпорацаас гадна Оросын төмөр зам, СУЭК буюу Сибирийн нүүрсний эрчим хүчний компани, мөн Япон, Өмнөд Солонгосын хэд хэдэн компанийн хамтарсан консорциум хувьцааны 36 хувийг эзэмшихээр болжээ. Монголын тал хувьцааны 24 хувийг «Пибоди энержи» гэдэг Америкийн нүүрс олборлогч компанид олгохоор шийдвэрлэсэн байна. Монголын Засгийн газар зохих саналаа дээрх байдлаар боловсруулан парламентад өргөн барьж байгаа бөгөөд тендерийн дүнгийн талаарх эцсийн шийдвэр 7 дугаар сарын 11-нээс өмнө гарах ёстой ажээ. «Тавантолгой бол олборлолт явуулахад хялбар, аюулгүй ил уурхай юм. Хятадын нүүрсний нөөцийн дийлэнх нь газрын гүнд байдаг учраас үүний дэргэд Тавантолгой төслийн давуу тал илт мэдрэгдэнэ» гэж БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн Улсын хорооны эрчим хүчний судалгааны хэлтсийн дарга асан Жоу Дади ярилаа. «Оросын төмөр зам» компанийн захирал Владимир Якунин мягмар гарагт мэдэгдэхдээ «бид Монголд асар их хэмжээний орлого олохыг бодохгүй байгаа, харин засгийн газрын нэрийн өмнөөс Улаанбаатар төмөр зам компанийи хувьцааны 50 хувийг эзэмших болон дэд бүтцийг хөгжүүлэх талаар авсан үүргээ биелүүлж байна» гэж ярилаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top