Сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчидтай уулзалт хийх үеэр аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч И.Идэргарав байгууллагын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

 

 

Он гарсаар аймгийн хэмжээнд тохиолдсон 57 удаагийн гамшиг, ослын дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг таван суманд, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурван суманд зохион байгуулж, аймгийн хэмжээнд тактик, тархалтын  68 удаагийн дадлага сургуулийг  хийж, төрийн болон төрийн бус байгууллагын 1200 иргэнийг хамруулсан байна.

 

 

Мөн аймгийн удирдах албан тушаалтан, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэд, оюутан сурагчдад зориулсан 110 удаагийн сургалтыг хийж, 6000 орчим иргэнд гамшгаас хамгаалах мэдлэг олгожээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын 17 сургууль, 25 цэцэрлэгийн нийт 210 багш, ажилчдад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч, эрсдэлийг бууруулах зөвлөмжийг хамтран боловсруулсан байна.

 

 

Алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд долоо хоног бүрийн даваа гарагт танхимын болон онол дадлагын сургалтыг тогтмол зохион байгуулж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байгаа юм.

Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын газрын барилгын урд талбайд 18х30 харьцаатай тавиулангийн барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Мөн биеийн тамирын талбайг тохижуулж, унадаг дугуйн зогсоолыг хийж гүйцэтгэж байгаа зэргээр бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгааг тэрбээр онцлон танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top