Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг МАРГААШ ЭЦЭСЛЭН БАТАЛНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Энэ хуулиар мөрдөгчид маш хариуцлагатай мөрдөх, материалаа бүрдүүлэх зэрэг шаардлага гарч ирж байна. Шүүгч нар хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргах боломжийг өгч байна. Шүүгч, мөрдөгч, яллагч нартай холбоотой хэрэг шийдвэрлэх хугацаа шахагдаж байна. Хугацааг нь илүү сайн тавьж өгсөн. Шүүх дээр очоод нэг бол ялтан, цагааддаг зарчмыг дэмжиж өгөхийг УИХ-ын гишүүдээсээ хүсэж байна" гэлээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Энэ хуулийг олон удаа хэлэлцсэн. Өнөөдөр нийгэмд болж байгаа нөхцөл байдал, хууль шүүхийн байгууллагын хэрэгт хандаж байгаа байдлаас харахад олон асуудал үүснэ. Өнөөдөр нэг хүний эрхээр олон хүний эрх зөрчигдсөөр байх болно. Бид хонгилын тухай, гэмт хэргийг нуун дарагдуулсан зэрэг олон зүйл ярьдаг. Гэтэл прокурор, мөрдөн байцаах байгууллага аливаа асуудлыг хуувилдааны шинж чанартай авч орж ирдэг байдал үүсгэдэг шүү. Энэ хуулиа эргэж хэлэлцэх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хууль батлагдаад явна, гэхдээ цаг хугацаа харуулна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Хуулийг маргааш /2022.06.03/ эцэслэн батлахаар боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top