"Петрочайна"-гаас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх төслийг батлав

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.24/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэх тухай байнгын хорооны тогтоолыг батлав. 

Тогтоолд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн талаар болон “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. 

Газрын тосны ашиглалтын Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Ашигт малтмалын тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлын хүрээнд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, шинээр нөөцийг тогтоох үйл ажиллагааг бүх талаар дэмжих, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангахаар тусгасан байна. Түүнчлэн 2021-2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих, Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул-XIX, Тамсаг XXI талбайн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авах асуудлыг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top