“Эрдэм хакатон 2022” уралдааны үр дүн гарлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

“Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд БШУЯ, Шинжлэх ухааны Академи, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Стартап Монгол ТББ хамтран “Эрдэм хакатон 2022” уралдааныг 5 сарын 16-наас 20-ны өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм хакатон нь 4 дэх удаа уламжлал болгон зохиогдож байгаа бөгөөд Инновацийн тэргүүлэх чиглэл (2020-2025)-ийн хүрээнд, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацийн төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой юм.

Энэхүү уралдаанд 20 төсөл бүртгүүлснээс эхний шалгаруулалтанд 15 багийн 60 оролцогч тэнцэж, энтрепренёр ур чадвар суулгах сургалт, менторуудын чиглүүлэг зөвлөгөөний дагуу төслөө боловсруулан, шалгаруулалтын өдөр буюу Демо өдөр инновацийн шийдлээ танилцуулж өрсөлдлөө.

Уралдааны тэргүүн байранд ганга, чихэр өвс, жимсний найрлагатай эрүүл мэндийн “Чигабэри” бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөөр “Рэфрэш” баг шалгарч 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар боллоо.

Дэд байранд импортыг орлох, байгаль экологийн тэнцвэр, экосистемийг хадгалах, загасны хоол тэжээлийг үйлдвэрлэх “Фишириум” баг шалгарч 10000000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжигдлээ.

 

Уралдааны оролцогчид өрсөлдөөнтэй байсан тул шүүгчид нэмэлт байр шалгаруулахаар болж гутгаар байранд мөнгөний нанобөөм агуулсан агаар болон гадаргуу халдваргүйжүүлэгчийн төслөөр “Tradinsight” баг шалгарч 5'000'000 төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бол МТҮП нэрэмжит шагналаар хүүхдийн боловсролд зориулсан аппликейшны төслөөрөө “Тоби” баг шалгарлаа.

Жил бүрийн Эрдэм хакатон уралдааны оролцогчдын чанар, ур чадвар сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа бөгөөд бид нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулаад орхилгүй шалгарсан төслүүдтэй цаашид үргэлжлүүлэн эргэх холбоотойгоор хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын зарцуулалтын тайланг дүгнэж, төслөө бодит биелэл болох хүртэл бүх талаар менежментийн дэмжлэг үзүүлсээр байгаа нь урьд өмнөх жилүүдийн шалгарсан төслүүдийн өсөлт дэвшил, үр дүнгүүдээс харагдаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top