Гадна талбайн худалдаанаас 5000 төрлийн бүтээгдэхүүнийг 50 хүртэлх хувиар хямдруулж авах боломжтой

2022 оны 05 сарын 22

Цаг агаар 20 хэмийн дулаан эдгээр өдрүүдэд гадна талбайн худалдаа эрс нэмэгддэг билээ. Үүний нэг бол 17 дахь жилдээ зохион байгуулж буй Номин карнивал буюу Номин Холдинг ХХК-ийн хамгийн том гадна талбайн өргөтгөсөн худалдаа юм. Нээлтийн өдрөөсөө эхлээд л хөл хөдөлгөөнд дарагдсан энэхүү гадна талбайн худалдаанаас энэ удаагийн сурвалжилгийг бэлтгэн хүргэж байна.


 

КАРНИВАЛД ЗОРИУЛЖ 50 ГАРУЙ АСАР БАЙРЛУУЛЖЭЭ

 

Үлэг гүрвэлийн төв музей буюу хуучнаар В.И.Лениний музейн урд байрлах Ялалтын талбайд олон асрыг босгожээ. Нийт 50 гаруй асар байх бөгөөд өртөө маягаар явж, хүссэн бараа бүтээгдэхүүнээ үзэх боломжтой хэлбэрээр байрлуулсан аж. Баруун болон зүүн хэсгээр орох, гарах гарцтай ба урд хойд хэсгээр нэвтрэх боломжгүй юм. Талбайн хоймор хэсэгт том тайз зассан байлаа. Баруун талын буюу Тэнгис кино театрын харалдаа орох, гарах гарцаар карнивалтай танилцахаар орсон юм. Асар бүр өөр өөрийн гэсэн бараа бүтээгдэхүүний онцлогтой байв. Зурагт, хөргөгч, хөлдөөгч, шарах шүүгээ, бичил долгионы зуух, бүрэн автомат угаалгын машин гэх мэт том бараа бүтээгдэхүүнийг тайзны баруун талын асруудад өржээ.

Харин тайзны зүүн талын асруудад гэр ахуйн жижиг техник, технологи, электрон хэрэгслүүдийг худалдаалж байлаа. Үүнд, индүү, автомат махны машин, кофе бутлагч, кофе чанагч, гар болон автомат холигч, талх шарагч, удаан чанагч, будаа агшаагч, жимс шахагч, тоос сорогч,тавцант плитка, эвхэгддэг грилл, электрон, энгийн жин зэрэг байв. Мөн урд талын эгнээ бүхий саравчинд хувцас, гоо сайхан, болон Номин Моторсын бүтээгдэхүүнүүдийг байрлуулсан асрууд байсан юм. Номин Моторсын асарт автомашин, сэлбэг, автын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, мотоцикл болон бусад бүтээгдэхүүнүүдийг борлуулж буй. Харин талбайн голын хэсэгт гудамжны кофе болон хоол худалдаалах зөөврийн машин, гар утас, камер, зөөврийн компьютер, цахилгаан скүүтер болон бусад дагалдах хэрэгслийг худалдаалах асар байрлажээ.

 

ӨДӨР БҮР 30 АЗТАН, МӨН СУПЕР АЗТАН ШАЛГАРУУЛЖ БАЙГАА ГЭВ

 

Гадна талбайн худалдаанд 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 50 хүртэлх хувийн хямдралтайгаар худалдаалж байв. Сонгогдсон бараанд бэлгийн сонголттойгоос гадна, өдөр бүр 30 азтан, супер азтанг шалгаруулж байгаа ажээ. Өдөр бүр 30 азтан шалгаруулж буй шалтгаан нь Номин Холдинг компанийн 30 жилийн ой энэ жил тохиож буйтай холбоотой аж.

Номин электрониксийн Маркетингийн менежер н.Отгонбаяр “Цар тахлын улмаас энэхүү үйл ажиллагаа маань хоёр жил завсардсан. Өнөөдрийн байдлаар 90 азтанг шалгаруулаад байна. Супер азтан Iphone гар утас, зөөврийн компьютер, 55 инчийн зурагт, хөргөгч гэх мэт төрөл бүрийн бэлэг хожиж байгаа. Өдөр бүр супер азтан шалгаруулж байна. Зөвхөн Номин электроникс салбар оролцоогүй. Бүхий л салбар оролцож байгаа. Номин электрониксоос гадна Номин моторс, Номин фейшн, Номин хөүм стайл, Номин мишээл гэсэн ерөнхий салбарууд оролцож байна. Номингийн 10 хувь хүртэлх хөнгөлөх бонус карт бий. Энэхүү картыг гадна талбайн худалдаанаас цахилгаан бараа худалдан авахад ашигласнаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн” гэлээ.

Гадна талбайн худалдаад нийт 60 орчим хүн ажиллаж байгаа аж. Цахилгаан барааны зээлийн үйлчилгээг ч газар дээр нь үзүүлж байгаа давуу талтайг дурдсан юм. Номин карт, банк бус санхүүгийн байгууллага, зээл олгох аппликейшн зэрэг үйлчилгээнд тусгай асар гаргаж, иргэдийг худалдан авалт хийх боломжоор хангаж байгаа ажээ.

Тус талбайгаар үйлчлүүлж буй иргэн Г.Баттогтох “Цахилгаан бараа сонирхоод явж байна. Энгийн үеэсээ хямдралтай үнээр худалдаалж байгаа нь хэмнэлттэй санагдаж байгаа. Мөн байнгын үйлчлүүлэгч болохоор бонус картаа ашиглан дахин хямдруулж авах боломжтой гэсэн. Ямартай ч хөргөгч худалдаж авахаар үнэ харж байна” гэсэн юм.

Мөн иргэн Л.Наранцэцэг “Бүх төрлийн бараа хямдралтай, нэг дороос авах боломжтой байгаа нь гэрийн эзэгтэй нарт цаг хэмнэх давуу тал болсон гэж бодож байна. Мөн гадна талбайн худалдаа нь хямдралтай болохоор зорьж ирсэн. Хайж байсан зүйлсээ худалдан авах гээд асруудаар үзээд явж байна. Ямартай ч төрөл бүрийн бүтээгдэхүүн 50 хүртэлх хувь хямдарсан нь залуу айл өрхийн хувьд том хэмнэлт хэмээн харж байгаа” хэмээн өөрийн бодлоо хуваалцлаа.

 

29 САЛБАР КОМПАНИД 5800 ГАРУЙ АЖИЛЧИН АЖИЛЛАЖ БАЙНА

 

Номин Холдинг ХХК-ийг 1992 оны долоодугаар сарын 11-нд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулж байжээ. Улмаар 1996 онд Номин Трейд ХХК, 2002 онд Номин Холдинг ХХК нэртэйгээр өргөжин тэлсэн байна. Тус байгууллага нь санхүү, импорт экспорт, дистрибюшн, борлуулалт үйлчилгээ, барилга үл хөдлөх хөрөнгө, технологийн бизнес зэрэг чиглэлд 29 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж. Өнөөдрийн байдлаар хагас сая үнэнч хэрэглэгч, давхардсан тоогоор хоёр сая орчим худалдан авагчидтай ажээ.

Номин Холдингс компани 30 жилийн түүхтэй, 5800 гаруй ажилчинтай, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, 50 гаруй байршилд салбартай юм байна. Нийт 74 орноос бараагаа импортлодог бөгөөд 250 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг борлуулж, нийт импортын дөрвөн хувийг  цахилгаан эрчим хүчийг хангадаг аж.эзэлдэг ажээ. Тус компани Номин Холдинг компанийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, машин механизмын ерөнхий засвар үйлчилгээ, сайжруулалтыг хариуцдаг 150 гаруй инженер болон техникийн ажилчидтай юм байна. Нийт 2000 гаруй өрхийн цахилгаан эрчим хүчийг хангадаг аж.

Д.АННА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top