Монгол-Оросын хамтарсан хээрийн судалгааны ажил зохион байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон В.Б.Сочава нэрэмжит Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэнгийн хамтран хэрэгжүүлж буй “Байгаль нуурын сав дагуух хот, суурин газруудын байгалийн нөөцийн чадавхи” 2020-2022 төсөл болон “Далайд гарцгүй ОХУ (Сибирь) болон Монгол орны байгаль ашиглалт, нутагшилт, аж ахуй эрхлэлтийн тулгуур тэнхлэг бүрэлдэх газарзүйн онцлогийг Евразийн интеграцтай холбон судлах нь” 2021-2023 төслийн хүрээнд Оросын талын эрдэмтэн судлаачид Монголд ирж ажиллаа. Төслийн хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нийгэм, эдийн засгийн газарзүйн салбар болон Оросын эрдэмтэн, судлаачид хамтран 2022 оны 05 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо хамтарсан хурал зохион байгуулав. Хурлын үеэр Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор, А.Дашцэрэн нээлтийн үг хэлж, Монголын талаас нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, С.Энх-Амгалан, Оросын талаас  В.Б.Сочава нэрэмжит Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Белозерцева И.А нар үндсэн илтгэл тавьж, судалгааны үр дүнгээр нийт 9 илтгэл хэлэлцүүлэв. Үүнд, нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын ЭША, Ц.Отгонхүү, Г.Урантамир, П.Цэенханд болон физик газарзүй, орчин судлалын салбарын ЭША Ц.Батням нар судалгааны ажлаа хэлэлцүүллээ.

Мөн төслийн хүрээнд Орос, Монголын судлаачдын баг Улаанбаатар хот болон хот орчмын бүсийн нийгэм эдийн засаг, байгаль орчны өнөөгийн төлөвтэй танилцах, хоёр орны томоохон хотуудын харьцуулсан судалгаа хийх зорилгоор хээрийн судалгааны ажлыг 2022.05.01-нд Өлзийт хороолол, Шувуун фабрик, Биокомбинат болон Сэлбэ гол орчмын бүсээр, 2022.05.04-нд Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тус тус зохион байгууллаа. Багахангай дүүрэгт хийсэн ажлын үеэр дүүргийн засаг даргын тамгын газрын дарга, Л.Санжийжамц болон төрийн захиргаа, удирдлага, хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн үйлчилгээний хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийж дүүргийн нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны талаар санал солилцов.

Хээрийн судалгааны үеэр Багахангай дүүргийн малчин Бат-Өлзийнхөөр зочилж асуулга судалгаа авснаас гадна махны чиглэлийн хонины фермерийн аж ахуйтай танилцлаа.

Түүнчлэн судалгааны үеэр захын дүүргүүдийн газар ашиглалт, суурьшлын бүсийн тэлэлт, өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол зэргийг үнэлэх зорилгоор хөрс, усны дээж авч хэмжилтийн ажлуудыг гүйцэтгэлээ.

Хамтарсан судалгааны төгсгөлд 2022 оны 05 сарын 05-ны өдөр хоёр төслийн багийн хүрээнд уулзалт зохион байгуулж, Эрхүү, Улаан-Үд, Улаанбаатар хотуудын хүрээлэн буй орчин, уур амьсгал, газар ашиглалт, нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн нөөц, байгаль, экологи хамгааллын чиглэлээрх цогц нэгэн сэдэвт бүтээл ном бичиж, электрон хэлбэрээр байршуулах, хамтарсан олон улсын өгүүлэл бичиж хэвлүүлэх болоод дахин хамтарсан төсөл эхлүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top