СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүдээ монгол ахуйд сургадаг 280-р цэцэрлэг

2022 оны 04 сарын 27

Үйл ажиллагаагаа эхлээд жил гаруй хугацаанд хүүхдүүдийнхээ таатай орчныг бүрдүүлж чадсан хамт олноороо бахархаж байна гэж ярих энэ хүн бол Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг.

Үнэхээр түүний хэлсэнчлэн тус цэцэрлэгийн багш, ажилчид сэтгэл, ур ухаанаа шингээн цэцэрлэгээ жишиг болохуйц тохижуулж чадсан нь нүдэнд илхэн.

Хотын төвөөс 10-аад километрийн зайтай Чингэлтэй хайрханы өвөрт зам дагуу төмөр хайсан хашаанд хоёр давхар, нэгэн шинэхэн цэцэрлэг байх. Энэ бол дээр өгүүлсэн 280 дугаар цэцэрлэг.

Цэцэрлэгийн хашаагаар ороход цэвэр, цэмцгэр тоглоомын талбай, тусгайлан бэлдсэн элс, сүүдрэвч гээд бүгдийг л хүүхдэд зориулж тохижуулсан нь харагдана. Цааш алхаж цэцэрлэгийн хаалгаар ороход өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг үг санаанд ормоор орчин угтах. Үүднээс цэвэр, бохир гэж ангилсан савнаас улавч өмсөн дотогш орлоо. Ормогц коридорын хана, таазыг ургамал цэцэг, монгол ахуйг харуулсан зураг, чимэглэл, хайчилбараар чимэглэжээ.

Цэцэрлэгийн хоёр давхар руу солонго дээр гишгэж байна уу гэлтээ өнгө алаг шатаар өгсөж гарна. Шатны хоёр талыг мөн л гар зургаар чимжээ. Харин коридорыг хүүхдийг таван хошуу мал, монгол ахуй соёлтой танилцуулах ардын тоглоом наадгай, шатар даам, хөлөгт тоглоом, монгол гэр, эмээл зэрэг уламжлалт ахуйн хэрэгслүүдээр тохижуулсан нь хараа булаам. Энэ хэсгээ тэд нийтийн эзэмшлийн талбай гэж нэрлэнэ.

Уг талбайд хүүхдүүд анги хамт олон, эцэг эх, багш нарынхаа оролцоотойгоор тоглоом  наадгайгаар дамжуулан бодит орчноос суралцдаг аж.
 


Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг: Бид үндэсний өв уламжлалаа мэддэг, соёлын өвийг тээсэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлнэ гэсэн үзэл баримтлалтай. Тиймээс орчин үеийн сургалтын хөтөлбөрийг уламжлалт ёс заншилтай хослуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Үзэл баримтлалдаа тусгасан үндэсний өв уламжлалаа хадгална гэсэн санаагаа тусгаж, цэцэрлэгийнхээ нийтийн эзэмшлийн талбай буюу коридороо хүүхэд хөгжүүлэх талбай болгон тохижуулсан. Үүнийг эцэг эх, багш, хүүхдийн хамтын үйл ажиллагааг дэмжсэн ажил болсон гэж бодож байгаа.

Зөвхөн багш сургалтын хөтөлбөрөөр дамжуулж сургахаас гадна олж авсан мэдлэгээ хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтдаа нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан тохижилтоос бататгах, хамтарч суралцах боломжтой” гэдгийг онцоллоо.
 


Биднийг очиход хүүхдүүд үдийн хоолондоо орж дуусаад, унтлагын цаг эхлэх гэж байв. Тогооч багш хүүхдүүдэд илчлэг нормыг нь тооцож, баталсан менюны дагуу өдөр бүр амттай сайхан хоолоор үйлчилж байна.

Харин хэсэг бүлэг хүүхдүүдээ тэмцээний бэлтгэл хийлгэх гээд багш нь өөр заал руу аваад явжээ. Тэд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгууллагддаг уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд анх удаагаа оролцож байгаа нь энэ.

Харин багш, ажилтнуудын хувьд дүүргийн боловсролын байгууллагуудын дунд явагдсан гар бөмбөг, шатар, теннисний гурван төрөлт тэмцээнд оролцжээ. Тус тэмцээний воллейболын төрөлд гуравдугаар байр эзлэн, хүрэл медаль хүртсэн байна. Шинэ байгууллага гэхэд эхний жилдээ оролцоод медаль хүртсэнд ажилчдаараа бахархаж байгаагаа эрхлэгч нь хэлж байлаа.
 


280 дугаар цэцэрлэг 2020 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 10 бүлэгтэй, 240 хүүхдийн хүчин чадалтайгаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд баригджээ. 2020 оны аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд зогсон, 2021 оны есдүгээр сараас хэвийн ажиллаж буй.

Өдгөө 38 багш, ажилтан, 2-5 насны 276 хүүхэдтэй, үйл ажиллагаа нь аль хэдийн жигдэрч,нэг хичээлийн жилийг үдэж байна. Тус цэцэрлэгт  хамран сургах тойрог буюу 18 дугаар хорооныхоо 190 гаруй хүүхэд, ойролцоох хороодын 80 гаруй хүүхэд хамрагдаж байгаа аж.
 

Ёс заншлын өргөө


Эндээс хүүхдүүд монгол гэртэй танилцаж, гэрийн бүрдэл хэсэг, гэр доторх тавилга бүгдийг нэрлэж сурахаас хүүхдүүд хөөрөг барьж, улирлаар ялган хоорондоо мэндчилж, ёс заншилдаа суралцана.
 


Энэхүү цэцэрлэгийн хичээл сургалтын үзүүлэх хэрэгслүүд, тохижилтыг цэцэрлэгийн слесариэсээ эхлээд бүх л багш, ажилтнууд хамтран хийжээ.

Энэхүү жижиг оврийн гэр, үхэр тэргийг манаач, слесарь ах нар нь урласан бөгөөд одоо хөллөх үхрийг нь хийх аж. Гэрийн бүх бүрдэл хэсгүүд нь салдаг. Хүүхдүүд гэрээ буулгаж, өөрсдийн гараар монгол гэр барих аргачлалд суралдаг.
 


Хүүхдүүдэд монгол эмээлийн бүрдэл хэсгүүдийг танилцуулахаас гадна олом, жирмийн сүлжээсийг яаж хийхийг зааж өгдөг. Насны онцлогт тааруулж, бэлтгэл бүлэг дөрвөөр сүлжих, гурван настнууд гурваар сүлжих, бага бүлгийн хүүхдүүд хоёроор хооронд томж эрчилж сурна. Энэ сүлжээсийг заасны үндсэн дээр хүүхдүүд ээж, аавтайгаа хамтраад суралцах боломжтой.

Мөн сүлжээс хийлгэснээр хүүхдийн гарын жижиг булчинг давхар хөгжүүлэх зорилготой.
 

Хүүхдүүд эндээс бог, бодын шагай ялгах, дөрвөн бэрх шагайг яаж буудгийг суралцахаас гадна таван хошуу малаа зургаар нь ялгаж сурна.


Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд даам, хөлөгт тоглоомын дугуйлан хичээллүүлдэг. Багш нар хичээлээ бататгаж, нийтийн эзэмшлийн талбай дээр байрлуулсан хөлөгт тоглоомын хэрэгсэл дээр хүүхдүүдээ сургана.

Мөн хүүхдүүд бие биеэсээ илүү суралцдаг учраас хоорондоо сурснаа хуваалцаж, тоглоно.
 

Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх төв ба номын сан


Хоёрдугаар давхартаа эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх төв байгуулж, үүнийгээ мөн нийтийн ном сан болгон тохижуулжээ.

Энэ талаар Л.Батчимэг эрхлэгч "Эхний ээлжинд Японы хүүхдийг ивээх сангийн төсөл хөтөлбөрөөр цөөн ном олж ирснээ түшиглэж номын сангаа байгуулсан. Анги тус бүр олон төрлийн ном бүрдүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй учир нийтийн номын сан байрлуусан. Эндээс анги бүр дуртай номоо хэрэглэж, номын санчдаа буцааж өгнө. Ном үзэх сургалтын цагаар багш нар орчинд нь хүүхдүүдээ оруулж үлгэр уншиж, ярилцана. Хүүхдүүд орчныг нь солиод өгөхөөр аливааг соргог хүлээж авдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай номыг гэрээр авч хэрэглэх боломжтой. Цаашид номын сангаа улам баяжуулж, бүх төрлийн номтой болно доо" гэлээ.
 


Түүнчлэн энэ сард ахлах бүлгүүд тээврийн хэрэгсэл, бэлтгэл бүлгүүд таван хошуу мал гэсэн чиглэлээр төсөлт ажил явуулж байгааг тус цэцэрлэгийн арга зүйч Э.Дэлгэрмаа хэллээ. Төсөлт ажлын хүрээнд хүүхдүүд аав, ээжтэйгээ хамтран хийсэн бүтээлийнхээ талаар гэртээ мэдээлэл, мэдлэг цуглуулна. Үүнийгээ цэцэрлэгтээ ирээд ангийнхандаа танилцуулдаг.

Бүтээлээ хамгийн сайн танилцуулсан хүүхэд бусад ангиуддаа танилцуулж, мэдээллээ хуваалцана.
 

Эцэг эх, хүүхдүүдийн хамтын бүтээл

Эцэг эх, хүүхдүүдийн хамтын бүтээл

Хүүхдийн хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих талбай


Хэдий тус цэцэрлэгийн үйл ажиллагаа ковидын хөл хорионы үеэр эхэлсэн ч багш, ажилтнууд цалин аваад, зүгээр суусангүй. Хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж, таатай суралцах орчныг ийнхүү цаг заваа гарган бүрдүүлж чаджээ.

Тиймдээ ч байгуулагдаад удаагүй гэж хойш суусангүй, 280 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнууд хийсэн ажлаараа Чингэлтэй дүүргийн 40 цэцэрлэгийн дунд үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тэдний ажлыг Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн 140 гаруй багш ажилтан ирж сонирхжээ. Үүнээс гадна бусад дүүргийн цэцэрлэгүүдийн багш нар өөрсдийн хүсэлтээр ирж танилцсан байна. Цаашид 280 дугаар цэцэрлэгийн хамт олон сургалтдаа орчин үеийн стандартаа дагасан систем сургалт буюу IQ хөгжүүлсэн блокон тоглоомыг нэвтрүүлэхийг зорьж байна.

Үнэхээр л тус цэцэрлэгийн эрхлэгчийн хэлснээр нягтаршил ихтэй бүс нутаг, хотын төвөөр хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байх тохиолдол байдаг ч нийслэл даяар тийм биш аж. Хотын зах руу хүүхэд сурч, хүмүүжих стандартад нийцсэн, үлгэр жишээ болохуйц олон цэцэрлэг байна.

Ийнхүү нийслэлийн захын хорооллын цэцэрлэгүүдийн олон арван багш ажилтны сэтгэл зүрх, хөдөлмөр бүтээлийн төлөөлөл болсон нэгэн цэцэрлэгийн сурвалжилгаа өндөрлөе.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.89) 2022 оны 04 сарын 27

Ymar goy Tsetserleg ve amjilt husii

0  |  0
мил(66.181.161.82) 2022 оны 04 сарын 27

гоё

1  |  0
Top