Халиа, тошин үүссэн газарт шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болголоо

2022 оны 04 сарын 19

Нийслэлийн Онцгой комисын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах сургалт өнөөдөр /2022.04.19/ боллоо.

Энэ үеэр Хотын дарга нийслэлчүүд эрүүл хүнс, мах, сүүн, сүүн бүтээгдэхүүнээр хангагдах ёстой. Нийслэлийн эдэлбэр нутагт боом болон шүлхий, бусад  төрлийн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэйг тодотгож байлаа.

Түүнчлэн НОК-ын удирдах бүрэлдэхүүн, гишүүд, холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өгөв.

 

  • Улаанбаатар хотын 300 км-ын радиуст эдийн засгийн судалгаа хийж, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоогоор хотын иргэдийг хангах эдийн засгийн эргэлтийг бий болгоход анхаарч ажиллах;

 

  • Шинээр барих мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг Улаанбаатар хотын суурьшлын бүс, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын байршил, хилийн цэстэй уялдуулан, орчин үеийн стандартад нийцүүлэн барьж байгуулах;

 

  • Улаанбаатар хотын суурьшлын бүс, хилийн цэстэй уялдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх зарим товчоог үе шаттай нүүлгэн шилжүүлэх;

 

  • Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг үе шаттай засварлах, шинээр барих, хөрсний ус, халиа тошин үүссэн газарт шуурхай арга хэмжээ авч ажиллах;

 

  • Үерийн хамгаалалтын далан суваг, гадаргуугийн ус зайлуулах байгууламжийн ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ, арчилгаа, засвар үйлчилгээг сайжруулах;

 

  • Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах;

 

  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийн асран хамгаалагч болон эцэг эхчүүдэд газар хөдлөлтийн гамшгийн үеийн ойлголт, гамшгийн үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох зэргийг үүрэг болгов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top