Хонхор орчимд Экологийн коридор гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ

2022 оны 04 сарын 18

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.04.18/ боллоо.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:

-Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг Газар дэлхий, Гео ботаник гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж буй бөгөөд ирэх тавдугаар сард дуусгаж, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн.  Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаа гэсэн юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ой, усны хамгаалалтын бүсэд 15.600 нэгж талбар  багтаж байгаа. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ. Түүхийн дурсгалт дөрвөн байршилд есөн нэгж талбар өртөж байгаа. Эдгээрийн гурвынх нь газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд бусад байршлыг энэ ондоо багтаан цэгцэлнэ гэв. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах бөгөөд түүнд өртөж буй 451 нэгж талбар байгаа аж. Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ гэв.

Мөн үеэр НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 79.3  хувийн гүйцэтгэлтэй, 945 ажилд тендер зарлажээ. 214 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй ч өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэл 2.8 хувиар дээшилсэн байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top