Түлш нөөцлөхөд хүндрэл үүсэж болзошгүй гэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.04.18) боллоо.

Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 79.3  хувийн гүйцэтгэлтэй, 945 ажилд тендер зарлажээ. 214 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй ч өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэл 2.8 хувиар дээшилсэн байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүдийн төсвийн орлого  56.2 хувьтай байгаа нь цаашид ч татварын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж буй юм. Дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тохижилтын ажлыг өрнүүлж, 94.4 га талбайг цэвэрлэж, мод бут тайрч, шохойдсон байна. Улирлын чанартай эдгээр ажил төлөвлөгөөний дагуу өрнөнө гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл болон "Таван толгой түлш" ХХК-ийн өвөлжилтийн бэлэн байдал, сайжруулсан түлшний нөөц бэлтгэх ажпын талаар мэдээллээ.
 


-"Таван толгой түлш" ХХК-ийн баруун үйлдвэрийг наймдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүхэлд нь зогсоох үүрэг өгсөн. Гэвч энэ нь эрсдэлтэй гэдгийг тус компанийн удирдлагууд хэлж байгаа. Одоо ажиллаж буй 10 шугамын дөрвийг үлдээж, шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зүүн үйлдвэрийн бүх шугам ажиллаж, нөөц бэлтгэж байгаа юм. Тус компанийн хувьд зургаан мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа бөгөөд айл өрхүүдийн худалдан авалт зогссон. Нийслэлийн хэмжээнд 162 мянган гэр хорооллын өрхийн зуух, 410 уурын зуух, 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий.

Энэ бүхэн хотын агаарыг асар ихээр бохирдуулж байгаа. Ирэх оны түлшний нөөцийг бүрдүүлэх үүднээс 200 мянган тонн түлш үйлдвэрлэх даалгавар өгсөн. Гэвч төдий хэмжээний түлш нөөцлөхөд агуулахын хүндрэл үүсэж байна. Одоогийн байдлаар 14 мянган тонн түлш хадгалах боломж бий. Түүнээс илүүг хаана хадгалж, нөөцлөх вэ гэсэн асуулт тулгараад байна гэсэн юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top