Альберт Парк: Татварын бодлогын шинэчлэл улсын онцлогт тохирсон оновчтой байх ёстой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт төсвийн хөрөнгийг илүү үр дүнтэй зарцуулах шаардлагатай тулгарч байна гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк мэдэгдлээ.

Мөн тэрбээр “Татвар хураалтыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэл нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулна. Гэвч уг шинэчлэлийг хийхдээ улс орны онцлог, нөхцөл байдалд нь тохирсон оновчтой арга замыг сонгож, эдийн засгийн өсөлтийг боомилохгүй, татвар төлөгчдөд дарамт, ачаалал үүсгэхгүй байхаар шийдвэл зохино” гэв.

Цар тахлаас өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хорооноос хийсэн тооцооллоор тус бүс нутаг Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хангахын тулд 2030 он гэхэд төсвийн зардлаа жил бүр 1.5 их наяд ам.доллар буюу ДНБ-ий 5% орчимтой тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.

Тэгвэл АХБ-ны тооцоогоор Азийн хөгжиж буй орнууд татварын шинэчлэлийг хэрэгжүүлснээр цар тахал эхлэхийн өмнөх үед ДНБ-ий дунджаар 16%-тай тэнцэж байсан татварын орлогыг ойролцоогоор 3-4 нэгж хувиар нэмэгдүүлэх боломжтой байна.

Жишээ нь, бизнесээ бүртгүүлэхэд илүү хялбар болгож, зардлыг бууруулснаар олон тооны жижиг бизнес эрхлэгчдийг албан ёсны эдийн засагт хамруулж, татвар хураалтыг сайжруулах боломжтой. 2020 оны байдлаар Зүүн өмнөд Азийн орнуудад бичил, жижиг, дунд бизнесүүд нийт аж ахуйн нэгжийн 98%, ДНБ-ий 41%-ийг эзэлж байна. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт 2005 оноос хойш дэлгэрсээр гурав дахин өсч, улмаар 2020 онд 1.4 их наяд ам.долларт хүрсэн цахим үйлчилгээний худалдаанаас авах татварын орлогыг засгийн газрууд нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Бусад татваруудын тухайд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд шууд чиглэгдсэн байх боломжтой юм. Жишээлбэл, нүүрстөрөгчийн ялгаралтад үнэ тогтоож төлбөр ногдуулах хэрэгсэл, хатуу түлшний хэрэглээнд татвар нэвтрүүлэх нь хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулдаг болох нь батлагдсан. Азийн хөгжлийн төлөв 2022 тайланд дурдсанаар архи, тамхи болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс, ундаанд тусгай татвар ногдуулах нь төсөвт ДНБ-ий 0.6%-тай тэнцэх хэмжээгээр нэмэлт орлого бүрдүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийг сайжруулж, эмчилгээнд төлж буй зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top