Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хуралдаан болов

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр /2022.03.31/ цахимаар болов.

Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааныг Монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Польшийн талаас Хөгжил, технологийн дэд сайд Г.Пеховяк нар даргалав.

Хуралдааны үеэр БНПУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирсон Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, Баян-Өлгий,  Говьсүмбэр,  Увс, Завхан, Дорнод зэрэг таван аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, хөдөө орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн цахим засаглал, мэдээллийн технологи, авто тээвэр, геологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, соёл урлаг, археологи, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ярилцаж, талууд протоколд гарын үсэг зурав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top