Гашуунсухайтаар 2022.04.01-нээс өдөрт 300 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ нэвтрүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2022.03.22) Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.

Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан. Харин Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан шинэ тушаалаар зохицуулалт хийж, ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгон, дотоодын халдварыг эрс бууруулснаар хоёрдугаар сарын 22-ноос өдөрт 20 чингэлэг тээвэр хилээр нэвтэрч эхэлжээ.

Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн байна.

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.

Цаашид Боомтын ажлын хэсгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь долоо хоног бүр хуралдуулж, бүтээн байгуулалтын улиралд экспорт, импортыг тасалдуулахгүй байхад анхаарах, мөн Шивээхүрэн, Ханги, Боршоо, Булган зэрэг бусад боомтуудыг нээж ажиллуулах төлөвлөгөөг тодорхой хугацаатайгаар гаргаж танилцуулахыг Шадар сайд үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(99.230.64.174) 2022 оны 03 сарын 24

Агаарыг тортог, газрыг там болтол зөөх юм даа,,,

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 03 сарын 23

ЭНЭ ТЭЭВРИЙН ТООГ САЙН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.ТЭР ЦАГААН ХАДАНД САНААГААР БОЛДОГ БОЛ ТОЙРУУЛАН ТОМ ХАШАА ХИЙЖ ОРОХ ГАРАХ НЬ НЭГ ХААЛГААР БАЙВАЛ КОРОНАТАЙ ХҮН НЭВТЭРЛЭЭ ГЭЖ ХАРДАХГҮЙ ОРЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ШАЛГААД ЯВБАЛ ТЭЭВЭР Ч САЙН НЭВТЭРНЭ.ЖААХАН БОДОЛТОЙ СУУРЬТАЙЛ АЖИЛЛАМААР БАЙНАДАА,ТЭГЭХГҮЙ БОЛ ХАЛДВАРТЫН ЭМЧ НЬ ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЧИ КОРОНАТАЙ ГЭЭД Л БӨМБӨЛӨГ ЗАДЛАХ ЮМ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЯРИАГААР ХАЛДВАРТЫН ЭМЧ МӨНГӨ АВЧ БӨМБӨЛӨГ ЗАДАЛДАГ ГЭХ ЮМ ӨӨРИЙН ТЭЭВРИЙГ ТЭНД ЯВУУЛДГЫН ХУВЬД ҮНЭН Ч БАЙЖ МАГАД ГЭЖ БОДОЖ ЭХЭЛСЭН ШҮҮ

0  |  0
Top