Хөгжлийн банкны зээлээс 104 тэрбум төлөгдсөн ч 2.6 их наядын зээл ЭРСДЭЛТЭЙ ангилалд байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Хөгжлийн банкнаас олгосон  зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар шинэчлэн гаргасан байна.

Тодотгоход, ирэх жилүүдэд эдийн засгийг тэлнэ гэх тодотголтой Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээж  буй Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэхийн тулд чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийн эздийг олон нийтэд ил болгоод сар гаруйн хугацаа өнгөрч буй билээ.

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн мэдээллээ 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Мөн  нийт зээлийн багцын мэдээллээ   2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  олон нийтэд мэдээлсэн юм.

Түүнчлэн хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн багцыг шинэчлэн мэдээлэхдээ, 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу хоёрдугаар сарын 11-ний өдрийг  хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135 /гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байсан.

Тэгвэл сүүлийн буюу гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаарх шинэчилсэн мэдээллээр:

2022 оны нэгдүгээр сарын 20-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд  нийт  104,420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26,218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61,597,484,474 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,605,052,024 төгрөг тус тус төлөгджээ. Үүнээс:

 

 Хэвийн зээлдэгчийн ангиллаас:

 

  • “Сод монгол” групп ХХК 3.6 тэрбум төгрөг
  • Худалдаа хөгжлийн банк 1.0 тэрбум төгрөг
  • Голомт банк 0.3 тэрбум төгрөг

 

Анхаарал хандуулах ангиллаас:

 

  • Макс Рөүд ХХК 19.0 тэрбум төгрөг
  • Вояжер Минерал Ресурсес ХХК 3.6 тэрбум төгрөг

 

Нийт 27.6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, дээрх зээлдэгч нар зээлийн дансаа хаасан гэсэн мэдээллийг Хөгжлийн банкнаас өглөө.

Дараах хүснэгнээр мэдээлж буй зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээлэл нь Хөгжлийн банкаас олгосон нийт зээл,  эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн мэдээлэл аж. Эдгээр нэр бүхий 61 зээлдэгчээс өөр зээлдэгч байхгүй гэж Хөгжлийн банкнаас мэдээлж байна.

Тодотгоход, 2016 онд Засгийн газрын Ажлын хэсгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн   хяналт, шалгалтын хүрээнд гарсан дүгнэлт төрийн болон албаны нууцад орсон байдаг. Түүнчлэн Хөгжлийн банкны анхаарал татсан зээлүүдийн мэдээлэл ил болсонтой зэрэгцэн нэр бүхий гишүүдийн зүгээс уг дүгнэлтийг нууцаас гаргах талаар саналыг Засгийн газарт тавьсан.

Улмаар өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар, уг асуудлыг хэлэлцээд 2016 оны хяналт, шалгалттай холбоотой 130 хуудас хуудас материалыг нууцаас гаргахаар болсон юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг шийдвэртэй холбогдуулан хэлэхдээ, тухайн үед Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах үүднээс  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн учраас санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа нууцлах ёстой гэж үзэн, тус Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцад оруулж байсан гэсэн мэдээллийг өгсөн юм.

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд, Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлт мэдээлэл ХЗДХЯ-нд ирээд буй аж. Төрийн болон албаны нууцаас гаргасан гэдгийг нь баталгаажуулсан албан бичиг ТЕГ-аас ирсний дараа, дүгнэлт мэдээллийг олон нийтэд танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top