ОХУ-д жил бүр 10 мянган тонн мах экспортлоно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Монгол- Оросын Засгийн газар хоорондын комиссын 15-р  хурал ОХУ-ын Буриад Улсын Улаан- Үд хотноо зургадугаар сарын 29-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрөв. Монголын талаас ЗГХК-ын Монголын талын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайд Д.Идэвхтэн, Улаан-Үд хотод суугаа консул Л.Жавзмаа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ЗТАЖ-ын дэд сайд А.Гансүх болон ТӨХ-ны дарга Д.Сугар, ГЕГ-ын дэд дарга А.Мурат, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Цөмийн энергийн газар, Газрын тосны газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагууд тус тус оролцлоо. Нөгөө талаас ЗГХК-ын Оросын талын дарга И.Е Левитин, Зам тээврийн яамны дэд сайд А.Н.Недасеков, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга Е.Н.Попов, ГХЯ-ны газрын дарга И.З.Азизов, Хилийн газрын хэлтсийн дарга А.Н.Володченко болон бусад салбарын удирдлагууд оролцсон байна. Хурлаар Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг голлон ярилцжээ. Тэр дундаа Монгол Оросын хамтарсан үйлдвэр, эрчим хүч, уран, хоёр улсын хил гаалийн хамтын ажиллагааг боловсроигуй болгох, ХАА, тээвэр, барилга, дэд бүтэц, газрын тосны бүтээгдэхүүний асуудлуудыг хөнджээ. Тээвэр, эрчим хүчний салбарын хувьд ОХУ-аас экспортлож байгаа эрчим хүчийг урт хугацаанд тогтмол авах, 2011 ондоо багтааж УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, 1949 оны төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг асуулдыг нааштайгаар шийдсэн бол Оросын талаас Монголд баригдаж байгаа эрчим хүчний станц, барилгын ажлуудад оролцох хүсэлт тавьсан байна. Харин ураны салбарын хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, Хөдөө аж ахуйн чиглэлээр мал эмнэлэгийн салбарт ойрын үед харилцан санамж бичиг зурах, Монголын тал ОХУ-д жил бүр 10 мянгаас доошгүй тонн мах экспортлох, шүлхийн вакциныг ойрын үед татах зэрэг асуудлыг шийджээ. Дээрх асуудлуудаас гадна хамгийн хүсэн хүлээсэн асуудал болох ойрын үед газрын тосны бүтээгдэхүүн авах асуудлаар Тэргүүн шадар сайдын тавьсан хүсэлтийн дагуу мөн хоёр сайдын хамтын уулзалтаар тохиролцоонд хүрч, ОХУ-ын тээврийн сайд И.Е. Левитин өөрийн биеэр яаралтай зохицуулах үүрэг өгч, эхний ээлжийн А-92 бензин Монгол руу ачигдаж эхэлсэн байна.
Түүнчлэн цаашид газрын тосны бүтээгдэхүүний асуудлаар урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцож чадсаны дээр жилдээ саяас доошгүй тонн газрын тосны бүтээгдэхүүн авах санатыг монголын талаас тавьсан байна. ОХУ-руу худалдаа хийдэг иргэдийн хувьд Оросын талын хил гааль хүнд сурталтай чирэгдэл үүсгэдэг тухай асуудлыг Монголын талаас тавьсанаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээр дамжин худалдаа арилжаа хийхэд цаашид хүндрэлгүй болно гэдгийг Оросын тал амлажээ. Энэ асуудалтай холбогдуулан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын ХАҮТ, Монголын ХАҮТ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж Москва, Эрхүү, Улаан- Үд хотод Монголын бизнес тов байгуулах, улмаар уг төвөөр дамжуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор Монголын бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top