Шүүхийн захиргааны мэргэшсэн 55 ажилтан бэлтгэнэ

2022 оны 03 сарын 14

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт өнөөдөр /2022.03.14/ эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор 2016 оноос хойш энэхүү сургалтыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг Германы Олон Улсын  Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх нийт 42 хоногийн хугацаанд танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд 55 эрх зүйч хамрагдаж байгаа юм.

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав нээж хэлсэн үгэндээ өмнөх сургалтуудад шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаагүй их, дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн төгсөгчид хамрагддаг байсан бол энэ удаад шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа шинэ залуу боловсон хүчнээ түлхүү хамруулах бодлого барьж суралцуулж байгааг онцлоод сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад өмнөх жилүүдэд нийт 303 эрх зүйч хамрагдсанаас 200 суралцагч төгсөж, 37 төгсөгч өнөөдрийн байдлаар шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байна.

Тус сургалтад шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид, шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнууд удирдан явуулж, шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалт хийнэ.

Амжилттайгаар суралцан төгсөгчдөд  "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгоно. Төгсгөгч нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцэж зохих хуулийн шаардлага хангасан тохиолдолд шүүхийн захиргааны мэргэшсэн боловсон хүчин болж, Төрийн жинхэнэ албан хаагч болох давуу талтай.

Эх сурвалж: ШЕЗ-Хэвлэл мэдээллийн хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top