ОЛОН ӨНГӨ: Буруу номтнуудын бусармаг үйлдэл

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

“Номын утга нь тэнгэр мэт агуу дэлхий мэт өргөн далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” гэдэг бус уу бид. Гэтэл өдгөө яав. Ном гэсэн ариун нэрийг ёс бусаар бузартуулж байгаа этгээдүүд олширчээ. Номоор бизнес хийж, бага насны хүүхдийн оюун сэтгэхүйд “буруу ном”-ын үзлийн үрийг тарих боллоо.

“Буруу ном” гэдгийг бид болж бүтэхгүй бүхнийг сэдэж, болох бүтэхгүй үйлийг өдөөж байдаг үйлдлийг хэлдэг билээ. Хүмүүжил төлөвшил, ертөнцийг үзэх үзлийг олж авах бага насны балчирхан оюунтай хүүхдүүд өнөөдөр зүй бусын үг хэллэгтэй, харгис хэрцгий үйлдлийг харуулсан, хайрлаж нандигнах аав ээжээ хараан зүхсэн хачин аймар хэллэгтэй номтой “нөхөрлөх” боллоо.

Энэ бол багачуудын буруу биш. Тийм номыг хийж байгаа томчуудын буруу. Дээр өгүүлсэнчлэн жинхэнэ “буруу номтон”-уудын хийж буй балаг. Аав нь ээжийг нь “Нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодож гэнэ. Хүү нь “Аргай яргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихлаа... гэхчилэнгээр харгис хэрцгий хийгээд хүний санаанд буумгүй үйлдлийг үлгэрлэн багачуудад “зааж байгаа” энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ.

Ирээдүй хойч, эх орныхоо залгамж халаа болсон хүүхдүүдийн сэтгэхүйг нь сэглэе л гээгүй юм бол ямар утга шалтгаантайгаар тийм ном бичиж, хэвлүүлж, борлуулж байгаа нь ойлгомжгүй. Холбогдох яам, төрийн хяналт шалгалтын газар гэж байдаг бол анхаарлаа нэг хандуулаад үзэхэд гэмгүй болов уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top