Улсын Филармонийн концертын танхимыг засварлах гэрээнд гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Өнөөдөр /2022.03.11/ Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын Филармонийн концертын танхимыг засварлах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Уг ёслолд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар оролцов. 

Тус төсөлд олгогдох нийт өртөг 83,056 ам.доллар буюу 236,213,321 төгрөг юм. “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн төсөл Монголд 2005 онд анх удаа хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 10 дахь удаагийн төсөл болж байна.

Тус төслөөр нь Улсын филармонийн уран бүтээлээ туурвих гол талбар болж байгаа Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварыг хийж гүйцэтгэх юм. Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил тус концертын бага танхимын тааз, шал, хана, цонх, хаалга, агааржуулалтын систем зэргийг засаж сайжруулах аж.

Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламж нь төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллага зэрэг ашгийн бус байгууллагад соёл, дээд боловсролын байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад ашиглагдах тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга байгууламжийг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлдэг төсөл юм. Энэхүү төслөөр дамжуулан хөгжиж буй улсын соёл, боловсролын салбарын орчинг сайжруулж, тухайн улсуудтай соёлын харилцааг хөгжүүлж, найрамдалт харилцаа болон харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлдэг билээ.

Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар “Япончууд хариуцлагатай, үнэнч зэрэг олон сайхан давуу талуудаараа дэлхийд танигдсан ард түмэн юм. Япон, Монголын найрамдалт хамтын ажиллагаа олон түмэн жил өргөжин тэлэхийг ерөөе. Улсын филармонийн бага танхимын суудал, шал, дулаалга зэргийг шинэчилж, ая тухтай орчныг сайжруулах зайлшгүй шаардлага гарсан. Үүнийг Япон улсын "Өвсний үндэс" төслөөр засварлан, уран бүтээлчид ая тухтай ажлаа хийх орчныг бүрдүүлэх боломж нээгдэж байна” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top