Төрийн үйлчилгээг хялбаршуулахад бизнес процесс загварчлалыг ашиглана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Швейцарын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар Азийн сан, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд “Бизнес процессын дахин загварчлал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2022.03.11/ зохион байгууллаа. Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Азийн сан Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бизнес процессын дахин загварчлалын арга зүй нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал арга хэрэгсэл тул цагаа олсон сургалт болж байна” гэв.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлээс төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хүртээмжтэй арга замаар олгох чиглэлд төрийн үйлчилгээг хорооноос олгох, төрийн үйлчилгээг цахимжуулах гэх мэт олон ажил хийж байна. Эдгээр шинэчлэлийн ард бизнес процессын дахин загварчлал гэдэг арга хэрэгсэл ашиглагдаж байдаг. Энэхүү арга хэрэгсэл нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул дахин загварчлах замаар төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн аргачлал бий болгоход шаардлагатай байна. Ингэхийн тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хэлбэрт шилжих боломжийг өргөжүүлэх чиглэл бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан” гэдгийг онцоллоо.

Сургалтад НЗДТГ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “И-Монголиа” академи, Аствишн ХХК, Ухаалаг шийдэл ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдсан юм.

 Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top