ОЛОН ӨНГӨ: Залуучууд л залуучууддаа боломж олгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Хэн нэгний цүнх барьдаг байсан ч бай, өөрийн хэр чинээгээр хүрсэн ч бай албан тушаалд очсон залуучууд хичээх л хэрэгтэй. Учир нь чиний ард олон мянган залуусын нэр нүүр бий шүү. Хэрэв чи алдаж гишгиж, алмай зан гаргаж, хуудуутай явдалд орооцолдож, хурган даргын зан гаргах л юм бол “Одооны залуучууд” гэдэг үг төдий чинээ нэмэгдэнэ.

Өнөөгийн улс төрд олон сайхан залуучууд бий. Тэднийг бүгдийг нь “цүнх баригч”, мөнгөтэй нэгний липтээр өгссөн хүүхэлдэй гэж би хардаггүй. Залуу хүн яагаад төрийн эрх барих дээд байгууллагад сууж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж, үе тэнгийнхэн болоод нийгмийнхээ түүчээ болж болохгүй гэж. Хамгийн чухал нь үгээ цэнэж, үйлдлээ бодож явууштай.

Тэгээгүйгээс үүдэлтэй олон алдааг ч өнөөдөр зарим нь гаргасаар байна. Хожим хойшдоо л зөвхөн өөрийнх нь нэр бус өөрийнх нь үеийн нэр гарна гэдгийг бодууштай. Нийслэл, дүүрэг, аймгийн хэмжээнд ч шижигнэсэн залуучууд шийдвэр гаргах түвшинд оролцож, төр түмнийхээ итгэлийг даах үүрэг хүлээчихээд явж байгаа. Зарим нэгийг нь хийе гэснээ хийж, хэлье гэснээ хэлж чадаж байгаа ч гэж хардаг.

Гэвч том ахын дуулгавартай хүүхэлдэй, тэргүүн даргын халаасны хүн хэмээн ил далдаар дуудуулж, түүнийгээ ч үл тоон байх л ёстой зүйл мэтээр ярьж, ойлгож яваа нь ч бий. Харамсалтай нь тийм биш л дээ. Залуу хүн таныг энэ мэтчилэн алдаа гаргахад дараагийн залуугийн албан тушаал ахих боломж, ард түмний итгэл хүлээх бололцоо хаагдаж байдгийг санах хэрэгтэй. Мэдээж юм бүхэн мөнх биш учраас эргээд нэг цагт ахиад л залуучууддаа итгэж л таарна. Харин тэр итгэл дээрээ үе тэнгийнхнийхээ боломж, найдварыг цуг үүрч явдагаа үргэлж санаарай.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top