Орос, Украины хоёр дахь хэлэлцээний ҮР ДҮН

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

ОХУ болон Украины талууд гал зогсоох зорилготой яриа хэлэлцээрийн хоёрдугаар шатыг Беларусын Беловежская пущад хийлээ.

Талууд энэхүү яриа хэлэлцээний үеэр иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тулааны бүсэд эм, эмнэлгийн хэрэгсэл хүргэхийн тулд хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцлоо. Мөн нүүлгэн шилжүүлэлт явагдаж байгаа бүсүүдэд түр зуур гал зогсоох шийдвэрийг  ярилцаж байна.

Украины тал хүлээж байсан үр дүндээ хүрээгүй гэв
 


Беловежская пущад болсон хэлэлцээрт өмнө нь Припять хотод болсон хэлэлцээрт оролцсон төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Хэлэлцээрт Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий, Беларуст суугаа Оросын Элчин сайд Борис Грызлов нар оролцсон бол Украины талаас “Ард түмний зарц” намын Дээд Рада дахь Зеленскийн фракцын тэргүүн Давид Арахамия, Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Гадаад хэргийн сайдын орлогч Николай Точицкий, Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк нар оролцов.

Хэлэлцээний үр дүнд нүүлгэн шилжүүлэлт явуулж буй газруудад түр гал зогсоох боломжийг судалж байна. Энэ зорилгоор ойрын хугацаанд харилцаа холбоо, хамтын ажиллагааны тусгай сувгууд болон зохих ложистикийн журмыг бий болгох талаар баримт бичигт дурджээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид хүмүүнлэгийн асуудлыг хангалттай нарийвчлан хэлэлцсэн ч Украины тал хүлээж байсан үр дүндээ хүрсэнгүй” гэсэн байна.

Чухал ахиц дэвшил
 


Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский яриа хэлэлцээний үеэр тохиролцсон зүйлээ “Чухал ахиц дэвшил боллоо” гэжээ.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский яриа хэлэлцээний ээлжит шатаар гал зогсоох талаар голчлон хэлэлцэх болно гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэрбээр “Бидний зүгээс гурван чиглэлтэй санал тавьж байгаа. Цэрэг-техник, хүмүүнлэг-олон улс болон улс төрийн гэсэн гурван чиглэл” гэжээ.

Харин Украины төлөөлөгчид хүмүүнлэгийн коридорын асуудлыг “хамгийн бага зүйл нь” гэсэн байна.

Өмнөх хэлэлцээ таван цаг үргэлжилсэн бол энэ удаагийн хэлэлцээ хоёр цаг хоцорч эхэлжээ. Хэлэлцээ Москвагийн цагаар 15:00-д эхлэх байсан ч тухайн цагт нь Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк “Ард түмний зарц” намын Дээд Рада дахь Зеленскийн фракцын тэргүүн Давид Арахамиягийн хамт нисдэг тэргэнд суугаад нислэгт бэлдэж буй зургаа Твиттер хуудсандаа нийтэлж байв.

Орос, Украины хэлэлцээ лхагва гарагт болно гэсэн төлөвлөгөө байсан ч хэлэлцээ хийх газраа сонгох тал дээр маргаантай байснаас болж пүрэв гараг болгож хойшлуулжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагийн өглөө Украины талыг яриа хэлэлцээг сунжруулж байна гэж буруутгасан билээ. Украины тал удаа дараа хэлэлцээ хийх газрыг сольж байжээ. Үүнийг нь Оросын талаас “Тэд Вашингтоноос тушаал хүлээж байж магадгүй. Энэ улс биеэ даасан улс огт биш. Гэхдээ хэлэлцээ болох ёстой” гэж байв. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Телеграмдаа “Украинд хүмүүс үхэж байхад Украины төлөөлөгч нар камерын өмнө сайхан харагдахад тухтай газар сонгож байна” гэж бичжээ.

Ялалт
 

Орос, Украины хэлэлцээний эхний үе шат тодорхой шийдлүүдэд хүрч чадаагүй ч гал зогсоох эхлэлийг амжилттай тавьсан гэж Оросын талаас дүгнэсэн юм.

Тэд эхний хэлэлцээний дараа нарийн ширийн зүйлүүдээ ярилцахаар тус тусын нийслэл рүүгээ буцсан. Харин энэ удаад тодорхой хэдэн тохиролцоонд хүрлээ. Талууд хэлэлцээний гурав дахь үе шатыг ойрын хугацаанд хийхээр тохиролцжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёр талын уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэхгүй байгаагаа хэлж, гэсэн ч хэлэлцээр хийх гээд үзье гэсэн байр суурьтай байсан бол Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн нь Украины хувьд ялалт гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 06

Amerkiin hurungutungvvd herees heterj bna.Delhiid duraaraa ashalj hvn amiig jilees jild nariin arga hergelen hayadaj alj bna.Koronoo gej hyataad daraa ni Orosuudiig hoornd ni olon jil ard tvmentei taltsuulan alatsuulj bna .Az tiviin barag bvh ulsuudad dain hiij eneh taivanii neren door tsergee oruulanguutaa araar ni bayalagiig ni sorj orond ni tsevseg dainii talbar bolgon vldeedeg archaagvi hopon uls.Odoo bolio.Ukerand natsizam pashizam delgervvleed barag 8 jil bolj bna.5000 hvvhed14 000 Donetsog ba Lugansgiin ard tvmenii Oros tsaraitai ayalguutai hvn bvriig alj baisan pashistuud.

1  |  0
Top