Украины хямрал, хориг эдийн засагт ЗАНАЛХИЙЛЖ байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

 

Хэдхэн хоногийн дотор дэлхийн эдийн засгийн төлөв байдал дордож, цочирдом санхүүгийн хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засагт цохилт өгч, улмаар дэлхий даяар инфляцын эрчим нэмэгдэх аюул нүүрлээд байна.

“The New York Times” сонинд бичсэнээр газрын тос, байгалийн хий, хэрэглээний барааны үнэ огцом өсөж, коронавирусний цар тахлаас сэргэж амжаагүй байсан нийлүүлэлтийн сүлжээний ачаалал хэдийн нэмэгдээд байна.

Украинд явуулж буй Оросын тусгай ажиллагаа, өрнөдийн хоригууд эдийн засгийн шийдвэр гаргах үйл явцыг асар тодорхойгүй, тогтворгүй болгож, дэлхийн хэтийн төлөвт ихээхэн эрсдэл үүсгэж байна. Хязгаарлалтыг Европын эрчим хүний эх үүсвэрийн экспортын хараат байдалд нөлөөлөхгүй байхаар бэлтгэж, боловсруулсан. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтийг сулруулахад нэмэр болж байгаа хэдий ч үнийн өсөлтийг бүрэн зогсоож чадахгүй байна. Учир нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол үнэ өсөх шалтгаан болж байна.

Европ нь Оросын эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа хар алтны гол хэрэглэгч. Эрчим хүчний хараат байдал АНУ-д мөн хамаатай. Тус улс 2020 онд 11.3 сая баррель газрын тос олборлож, дэлхийд тэргүүлсэн бол ОХУ 10.1 сая баррель, Саудын Араб 9.3 сая баррель газрын тос олборлож, эхний гуравт бичигдсэн. Ингэхдээ АНУ-ын дотоодын хэрэглээ нь 432.5 хувийг эзэлдэг тул 2020 онд Москва нь Вашингтоны гурав дахь том нийлүүлэгч болж байжээ. “Forbes” мэдээллээр, ОХУ хоногт 595 мянган баррель газрын тос АНУ-д нийлүүлж байжээ.

Хомсдол үүсэж болзошгүй гэсэн түгшүүр ур тариа, металлын үнэ мөн өсөхөд хүргэсэн. Энэ нь хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийн зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Орос, Украин хоёр хоёулаа цагаан буудай, эрдэнэ шиш төдийгүй дэлхий даяар хэрэглэж буй гар утаснаас авахуулаад автомашинд хүртэл хэрэглэдэг паллади, никел, хөнгөн цагаан зэрэг металлын  томоохон экспортлогч улс.

Үүний сацуу тэртээ тэргүй өсөж буй тээврийн зардлыг улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

“Бид далай болон агаарын тээврийн үнийн асар их өсөлтийн гэрч болно” гэж тээврийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “FourKites” компанийн төсөл хариуцсан ерөнхий захирал Гленн Кепке ярьж байна. Тэрбээр далайн тээврийн тариф чингэлэг тутамд 10 мянгаас 20 мянга, бүр 30 мянган ам.долларт хүрч болзошгүй гэж сэрэмжлүүлжээ. Орос улс 36 орны нисэх онгоцнуудыг агаарын орон зайдаа нэвтрэхийг хориглосон тул агаарын тээврийн тариф огцом өсөж болзошгүй. Өөрөөр хэлбэл агаарын тээврийн онгоцнууд илүү урт замыг туулах болсноор түлшний зарцуулалтыг нэмэгдүүлж, улмаар онгоцны ачаа тээврийн хэмжээг багасгахаас өөр аргагүйд хүргэнэ.

“Бид мөн бараа, бүтээгдэхүүний хомсдлын гэрч болно. Одоо улирал нь болоогүй байгаа ч компаниуд зун бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр бэлдэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөө үзүүлнэ” гэж Кепке үзэж байна.

Зарим эдийн засагчид Оросын тусгай ажиллагааны цар хүрээ, дэлхийн хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээг дутуу үнэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үйл явдал маш хурдан өрнөж, эдийн засгийн болзошгүй үр дагаврын үнэлгээ дагаад муу тал руугаа хэлбийж байна.

Инфляцын түвшин шинжээчдийн санааг хамгийн их зовоож байна. Өдгөө АНУ-д инфляцын түвшин 1980-ээд оноос хойш байгаагүй өндөр хэмжээнд тулжээ. Одоогийн эдийн засгийн төлөв байдлын бүхий л хувилбарт инфляцын түвшин хэр өсөх, үүний эсрэг Холбооны нөөцийн сан болон бусад банкнууд ямар арга хэмжээ авах тухай асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байна.

“Холбооны нөөцийн сан хүнд байдалд ороод байна. Инфляцын түвшин 7.5 хувьд хүрсэн. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн тохиолдолд зах зээл нурна гэдгийг бүгд мэдэж байгаа” гэж Америкийн бизнесийн хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Десмонд Лакман онцолжээ.

Зарим шинжээчид үр дагаврын талаар болгоомжтой дуугарч байна. Петерсоны нэрэмжит Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Адам Позены үзэж буйгаар Европын өмнө хүндхэн асуултууд тавигдаж байна. Юуны өмнө энэ мөргөлдөөн эдийн засгийн өсөлт буурч, үнэ огцом өсөх стагфляцад хүргэх эсэх асуулт. Түүний хэлснээр, Оросын санхүүгийн системтэй холбоотой Европын зарим банкнууд хохирох магадлалтай. Харин Зүүн Европын компаниуд Оросын мөнгөнд хүрэх гарцгүй болж болзошгүй.

Цагаан ордны дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн тэргүүн Сесилиа Рауз мөргөлдөөний улмаас АНУ-ын эдийн засагт нүүрлэх ноцтой үр дагавар нь түлшний үнийн өсөлт байх болно гэж үзэж байна. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлт хэрэглэгчдэд сөрөг нөлөөтэй ч олборлогч компаниудад ашигтай. Урт хугацаанд энэхүү мөргөлдөөн нь дэлхийн олон орны төсвийн шийдвэрт нөлөөлөх болно гэдэгт шинжээчид санал нэг байна.

ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд Европын орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж НҮБ-ын мэргэжилтэн асан Франциско Колоане мэдэгджээ.
“Хоригийн нөлөө Европын орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн нөлөөлнө. Учир нь Орос улс Европын Холбооны импортын 30-40 хувийг дангаараа нийлүүлдэг” гэж Колоане онцолжээ. Ингэхдээ зөвхөн газрын тос, байгалийн хий төдийгүй хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт зогссоноор ийм хүнд цохилтод хүргэж болзошгүй гэж шинжээч сэрэмжлүүлж байна. Нийлүүлэлтийн шинэ сүлжээг бий болгоход өрнөдийнхөнд урт хугацаа шаардагдах болно. Энэ нь Европт ихээхэн нөлөөлнө. Европ газрын тосны бусад зах зээл рүү шилжихийг оролдох талтай. Гэвч ийм шийдвэр нь зөвхөн түр зуурынх байх болно. Учир нь Импортын барааны нийлүүлэлтийн шинэ сүлжээ байгуулахад дор хаяж зургаан сар шаардагдана гэж Колоане үзэж байна.

Энэ сарын 2-нд Австрийн улс төр судлаач, эдийн засагч Герхард Манготт Оросын эрчим хүчний салбарт тавьсан хориг арга хэмжээнээс юуны өмнө ЕХ-ны иргэд хохирно. Тэрбээр Украин дахь ажиллагаанаас болж Европ Оростой харилцаагаа бүрэн таслах хүртлээ явахгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Латвийн эрчим хүчний салбарын хараат бус шинжээч Валдис Плявиншийн ярьснаар, одоогоор дэлхийн зах зээл дээр Оросын байгалийн хийг орлох чадвартай тоглогч алга байна. Тиймээс Оросын “Газпром”-ын нийлүүлэлтэд тавьсан аливаа хязгаарлалт эрчим хүчний эх үүсвэрийн үнийг улам бүр өсөхөд хүргэнэ. Өнөөдөр ЕХ-ны хэрэглэгчид цахилгааны хэрэглээнийхээ төлөө асар өндөр төлбөр төлж байна. Тиймээс үнэ дахин нэмэгдвэл хүн амын эдийн засгийн байдал хүчтэй цохилтод орно.

Энэ сарын 3-ны байдлаар, ICE бирж дээр дөрөвдүгээр сарын байгалийн хийн фючерс үнэ нэг мянган куб м нь 60 орчим хувиар нэмэгдэж, 2250 ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.

“Өнөөдөр бид манай гарагийн томоохон эдийн засгийн нэгийг хэрхэн тастаж буйн гэрч болж байна. Энэ бол маш аюултай тактик юм” гэж зөвлөх үйлчилгээний “High Frequency Economics” компанийн ерөнхий эдийн засагч Карл Вайнберг онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top