ӨМНӨГОВЬ: “Эх орончдын өдөр”-өөр ТЭМЦЭЭН зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Монгол ардын намын түүхт 101 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн иргэдийн дунд илтгэл, нийтийн бүжиг, шатар даам, шагайн наадгайн олон төрлийн уралдааныг зарлажээ. 

Тухайлбал, аймгийн нийт ахмад настнуудын дунд “Шатар, даам, шагайн наадгай” тэмцээнийг хоёрдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Тэмцээнд оролцогчдоос 1, 2, 3 дугаар байрын эзнийг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах аж.

Үүнээс гадна Өмнөговь аймгийн МАН-ын хороо, “Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Өмнөговь аймаг дахь салбараас санаачлан Даланзадгад хотын нийтийн бүжгийн аваргуудыг шалгаруулах “Бүжгээр эрүүлжье” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус бүжгийн тэмцээнийг 18-45, 45-59, 60-аас дээш гэсэн насны ангиллаар зохиох бөгөөд Ерөнхий боловсролын III сургуулийн зааланд хоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдана. Тэмцээнд оролцогсдоос алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм.

Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Политехник коллежийн оюутан залуусын дунд “Залуу уран илтгэгч 2022” илтгэлийн уралдааныг зарласан байна. Илтгэлийн уралдаан хоёрдугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн МАН-ын төв байранд “Эх орон надаас эхэлнэ” сэдвийн хүрээнд эхлэх юм. Тэмцээнээс тэргүүн, дэд, гутгаар байрыг тус тус шалгаруулж, урамшуулна.

Өмнөговь аймагт “Эх орончдын өдөр”-ийн хүрээнд дээрх уралдаан тэмцээнийг зохиохоос гадна Улаанбаатар хотод Өмнөговь аймгийн оюутны аварга шалгаруулах “Эх оронч” илтгэлийн уралдааныг зохион байгуулахаар болжээ. Илтгэлийн уралдаан “Түүхийн жим, жаргаагүй нар, би эх орны ирээдүй, хаана зогсоно вэ” сэдвээр явагдах бөгөөд Тусгаар тогтнолын ордонд хоёрдугаар сарын 27-ны өдөр эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top