Охид минь, эх орноосоо цэрвэхгүй нийгэм бий болоосой

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Хаврын тэргүүн сард алган дээр минь ахин нэг цэцэг дэлгэрсэн цагаас хойш найман жил өнгөрчээ. Ахин гэдэг нь түүнээс тав эгч анхны цэцэг маань бас л хавар цэцэглэсэн юм. Харин гурав дахь нь намраар ургасан нь өдгөө гурван нас хүрчээ. Охидынхоо инээдэнд өдрийн ядралаа тайлж, жаргалтай гэнэн нүднээс нь амьдралд сөхрөхгүй байх хүчийг олсоор яваа аав билээ, би. “Чи аав болно” гэсэн үгийг анх сонсоод үгээр илэрхийлэмгүй баяралснаа одоо ч тод санана.

Удаах, түүний дараагийнх дээр нь ч хөл газар хүрэхгүй баярлаж, хоёр нүд багтахаар жижигхэн Эх нялхасын эргэлтийн цонхоор анх төрхийг нь хараад харжь явахдаа баярын нулимс урсгаж явснаа үргэлж дурсана.

Сүүдрээсээ харамлан ургуулсан цэцэгс минь, өрцөн цаанаа өдлүүлсэн шувуухайд минь нэг л өглөө амьдралын их далайд умбан шумбан одоцгооно. Тэр цагт нь өөрийнхөө хэмжээнд хүчит салхийг нь халхалж, эрчит давалгаанаас хамгаалахыг хүснэ. Бусдаас ирэх муу муухайг бүхнийг холтгохын тулд нийгэмдээ өөрийн гэсэн дуу хоолойгоо хүргэж, сайн сайхныг түүчээлэгчдийг сэтгэл оюунаараа талархан хүлээн авна.  

Гэвч, өөрсдөө энэ бүхнийг үл хайхран сэлэгч хүчит нэгэн байгаасай, бусдын замыг гэрэлтүүлэн чиглүүлэгч нэгэн болоосой хэмээн сэтгэнэ. Тийм нэгэн хүмүүс эх орондоо бий болгож өгөхийн тулд алхаж гишгэх, амьсгалахаараа хүртэл үлгэрлэхийг хүснэ. Аавын нялххан охид нас биед хүрэхийн цагтаа эх орондоо сэтгэл гуньдаггүй, элгэн садангаасаа цэрвэн дөлдөггүй хүнлэг нийгэм бий болоосой, бүрэлдэн тогтоосой хэмээн залбирна. Түүний төлөө үргэлжид тэмцэнэ, бас хичээнэ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top