Ховд аймагт гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

Админ | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

Ховд аймагт олон зуун жилийн турш олон ястан үндэстэн эвтэй найртай амьдран өв соёл, зан заншил, байгаль дэлхийгээ дээддэн хүндэтгэж амьдарсаар ирсэн сайхан уламжлалтай. Ардын хувьсгалын 90, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан аймгийнхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа аж амьдрал, зан заншил, бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой газрууд, уул, гол мөрөн, нуур, рашаан булаг, ховор амьтан, ургамлууд, түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн өвөрмөц үзэгдлүүд, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, олон нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажлуудыг дэлгэн харуулж, хойч үедээ төрөлх нутгаараа бахархах сэтгэлгээ төрүүлэх, шилдгийн шилдэг бүтээлүүдээр Ховд аймгийн гэрэл зургийн альбом хийх зорилгоор гэрэл зургийн уралдаан зарлаж, уралдаанд 20 орчим уран бүтээлчдийн 350 гаруй бүтээл ирж олны хүртээл боллоо. Ирсэн бүтээлүүдийн дийлэнхийг аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол Алтайн нурууны мөнх цас мөс бүхий өндөр ноён оргилууд, гол мөрөн, нуурууд, иргэд, малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлууд, ан амьтад, ургамал, шавьж, угсаатан ястны зургууд эзэлж байлаа. Зургийн үзэсгэлэнг 600 орчим хүн үзэж сонирхон санал сэтгэгдлээ үлдээсэн ба энэхүү үзэсгэлэн нь олны сайшаалыг хүлээсэн ажил боллоо. Үзэсгэлэнд тавигдсэн бүтээлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн зурагчин, зураачдаас бүрдсэн бөгөөд бүтээлээ ирүүлэгчид уран бүтээлчид хэдийгээр сонирхогчид боловч мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй уран чадварлаг агшнуудыг олж буулгасан байна гэсэн дүгнэлтийг хийлээ. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдгийн шилдгийг шалгаруулахдаа үзэгч, сонирхогчдын санал, дүгнэлтийг харгалзан үзсэн байна. Уралдаанд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь төлөөлөгч Д.Цэвээнравдан 1-р байр эзлэж 500.000 төгрөг, Аймгийн Засаг дарга доктор Г.Нямдаваа, ХоИС-ийн багш Д.Батбаяр нар 2-р байр эзлэж тус бүр 300.000 төгрөг, Мөнххайрхан сумын УТХГН-ийн захиргааны ажилтан Г.Баянмөнх, ХоИС-ийн багш С.Шар, фото зураг сонирхогч Ц.Өнөржаргал нар 3-р байр эзлэж тус бүр 100.000 төгрөг, фото зураг сонирхогч Т.Самданжигмэд, Х.Бямбасүрэн, Б.Батмөнх, Ц.Нямтулга нар тусгай байр эзлэж тус бүр 50.000 төгрөгийн шагнал хүртлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top