Ерөнхий сайдын АЙЛЧЛАЛ тойрсон асуудал

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөршид айлчилж, хоёр орны хооронд тулгамдаад байсан зарим асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр “Бээжин-2022” өвлийн олимп тохиосон учраас зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд өвлийн олимп үзэх гэж зугаалсан мэтээр шуугиж байна. Уг нь өвлийн олимп таширлуулан айлчлах нь стратегийн ач холбогдолтой гэж үзсэн болов уу. Энэ мэт аар саархан шуугиан ч яахав. Хамгийн гол нь айлчлалаар ямар асуудал хэлэлцэж, хэрхэн үр дүнд хүрэв гэдэг нь анхаарлын төвд байна.   

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 03-08-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийсэн.

Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн гэдгийг албаныхан онцолж байна.

Өвлийн олимпын өдрүүдийг таширлуулан очсоны учир нь нэр бүхий улс орнууд “Бээжин-2022” өвлийн олимпыг бойкот хийж байхад Монгол Улс дэмжиж байсны илэрхийлэл бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр хүрэлцэн очсон нь хоёр орны найрсаг харилцааг бий болгох, сайн хөршийн хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн томоохон үйл явдал болов.

Үүнээс гадна Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ ч илэрхийлсэн явдал болов. Энэ бүхий л найрсаг хандлагын хөрсөн дээр айлчлал өрнөж, чухал асуудалд санал нэгдэн, эцэстээ тохиролцоонд хүрэхэд нөлөөлсөн гэдгийг шинжээчид хэлж байна.

Юуны өмнө айлчлалын хүрээнд “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр ариун цэврийн протокол”-д тус тус гарын үсэг зуржээ.

Мөн үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдсэн.

Мөн талууд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулах тохиролцоонд хүрэв.

Энэ үеэр олны анхаарал татаж байсан нэг асуудал бол Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай байв. Тиймээс Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцов. Энэ асуудал арваад жилийн өмнөөс гацаанд байсан юм.

Тэгвэл өнөөдөр нэн тулгамдаад байгаа цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол, Хятадын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэв. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав.

Монгол, Орос, Хятад гэсэн дэлхийн хэмжээний хоёр том гүрэнтэй хиллэн оршдог. Тиймээс гадаад харилцаа, геополетикын хувьд лебираль түвшинд харилцахаас гадна давс хужрыг тааруулж явах нэн чухал үүрэг бидэнд тулгардаг. Тиймдээ ч хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал болон стратегийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, улс төрийн харилцан итгэлцлийг байнга нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн найрсаг харилцааны суурийг улам бататгаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахаар тохиролцсон.

Тэгээд ч цар тахлын нөхцөл байдал намжиж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн эрчимжүүлж, хоёр талын холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр сайжруулахаар хэлэлцсэн нь цаашдын үй ажиллагааны нэгэн замыг нээсэн хэрэг болов.Энэ бол юу юунаас чухал асуудал.

Сүүлийн 30 жилийн түүхийг аваад үзэхэд манай улсад сонгууль явагдаж, аль нам төрийн эрхэнд гарснаар гадаад харилцааны байдалд өөрчлөлт ордог байдал ажиглагддаг. Өнгөрөгч ерээд оны дунд үед өмнөд хөрштэй харилцах харилцаа нэлээд суларч байсан бол 2000 он гараад илтэд сэргэж ирсэн. Харин 2012 онд АН засгийн эрхэнд гарснаар ОХУ, БНХАУ-тай харилцах харилцаанд сэв суугаагүй ч урсгал татарсан гэхэд болно.

Тухайн үед манай эрх баригчид гуравдагчдын хий хоосон мөрөөдөлд автан сэвснээр мөнхийн хоёр хөрштэй харилцах харилцаа эргэн суларсан. Үүнээс үүдэж гарсан зүйл гэвэл хойд өмнөд хөрштэй урьд өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан, төлөвлөхөөр зэхэж байсан олон төсөл хөтөлбөр царaцаасныг нуух хэрэггүй. Тухайн цагийн эрх баригчид гуравдагчдын мөрөөдөлд хэт автаж, сэвсний учир 2012 онд 10 гаруй хувьтай байсан эдийн засаг 2016 он гэхэд хасах зааж байсныг мартаагүй байх.

Өнөөдрийн хувьд бидний экспортын гол бүтээгдэхүүн коксжик нүүрс БНХАУ-руу гарч байна. Импортын барааны ихэнх хувь нь өмнөд хөршөөр орж ирж байгаа гээд стратегийн чухал чухал зүйлс энэ улстай холбоотой учраас хоёр орны харилцаанд сэв суух учиргүй гэдгийг туршлагатай дипломатчид ярьдаг.

Өнөөдөр цар тахлын улмаас хил гаалийн асуудал хүндэвтэр байна. Тус асуудлыг цар тахлын нөхцөл байдлыг зөв зүйтэй дүгнэж, хоёр талын урсгалыг нэмэгдүүлэх талаар ч тохиролцоонд хүрчээ. Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судлахаар болов.

Бидэнд нэг асуудал бий. Нийгмийн хувьд улстөржилт их бөгөөд гаднын хөрөнгө оруулагчдад таагүй хандах үзэгдэл байдаг. Тэр тусмаа цаад наад учрыг нь ухаж ойлгоогүй иргэний хөдөлгөөний байгууллага, зарим иргэд улс төрийн захиалгатай захиалгагүй боорлохоос эхлээд асуудал тулгардаг. Бид дотооддоо энэ мэт бодлогогүй асуудлаа цэгцэлж, аливаа зүйлд нухацтай хандах цаг нь болжээ.

Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжихээ илэрхийлж, Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална гэдгээ онцолсон. Нөгөө талаар экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлоох, Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцсон юм. Ямартай ч Ерөнхий сайдын айлчлалын үеэр дээрх асуудлууд хөндөгдсөн төдийгүй санамж бичигт албажин үлдэж байгаа нь цаашид хэрэгжих боломж нээгдэж байгаа хэрэг.     

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top