АРХАНГАЙ: Газпромбанкны төлөөллүүд байгалийн хийн асуудлаар албан уулзалт хийв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

ОХУ-ын Газпромбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Нефть хийн төслийн газрын дарга Родионов Михаил Юрьевич, төслийн газрын захирал Смелов Владимир Олегович, төслийн орлогч захирал Лавров Леонид Алексеевич тэргүүтэй Газпромбанкны удирдлагууд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга М.Батжаргал “Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, азоны цоорол зэрэг нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд байгалийн хий, нар, усны цахилгааныг хэрэглэх цаг үе нь иржээ. Жилийн дөрвөн улиралд мал сүргээ хариулж явдаг малчдын хувьд ч сааль сүүгээ боловсруулахдаа орчин цагийн технологи ашиглах шаардлага ирсэн” хэмээн тодотгов.

Байгалийн хий үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Газпром компаний Газпромбанкны удирдлагууд аймгийн Засаг даргатай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бүс нутгийн онцлогт тохирсон байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний талаар санал солилцлоо.

Тэд “Архангай аймагт нарны эрчим хүчээр цахилгаан, дулаан үйлдвэрлэх зохимжтой бөгөөд байгалийн хийн шингэрүүлсэн түлш болоод нарны эрчим хүчийг хослуулбал эдийн засаг талаасаа сонгомол шийдэл болно. Архангай аймгаас хэрэгцээ, нийлүүлэлтийх нь судалгаагааг гаргаж өгөх шаардлагатай. Бид хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top