Мөнгөн сарны хэлтэрхий мөрөн голын цөн болох цагаар...

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

Хаврын урь орсны дохио болгож, хахир өвлийг өнтэй давсны баяр болгож малчин айл бүхний хотонд нялх төлийн дуу цангинаж буй биз ээ. Дэлхий даяхнаа үндэстэй бүхэн урган төлжихийн үүд дэлгэж, дэнж талаараа үртэй бүхэн соёлон ургахын ханш нээгдэж буй хаврын цаг гэдэг сайхан юм. Даяар хотлоороо Цагаан сарын баяраа угтаж хуучин оныхоо муу бүхнийг сэгсрэн хаяж, бодол сэтгэлийнхээ гомдол харууслыг тайлж, эвдэрсэн нь эвлэрч, энэлсэн нь илааршиж, холдсон нь учирдаг бэлгэшээлтэй.

Хүүхэн бүхэн шинэ торго эсгэж, хархүү бүхэн шинэ нэхий элдэж, хүүхэд бүхэн шинэ дээлээр гангардаг шинэ сарын өдөр өөрөө ч шинэхэн дээ. Бууз баншаа базаагаад ээжүүд завгүй, боов идээгээ бэлтгээд аавууд чөлөөгүй, үйл үртсээ мэтгээд эгч нар уяатай, түлээ модоо жиргээд ах нар хүлээтэй, ус цасаа зөөгөөд дүү нар дэмтэй л өнждөг дөө. Тоосоо гөвж, гоёлоо сольсон айл гэдэг цаанаа л нэг цэмцгэр, гэр орон минь танихгүй юм шиг саруулхан, өнгөлөг болоод ургаад л ирнэ.

Өдгөө Буян үйлдэгч хэмээх усан бар жил айлчлан золгож байна. Монголчууд эрт үеэсээ сар шинийн өдөр хамгийн ахмад буурлууддаа хүндэтгэн очиж золгодог уламжлалтай. Аавын минь ээж Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, Сайнцагаан сумын суугуул Сумидбазарын Сэрээтэр гэдэг хүн байлаа. Эмээ минь аймгийн төвөөс энүүхэнд /Говийнхон энүүхэнд гэж заахаар их ээ хол байдаг гэж хүмүүс гайхдаг юм/, хөсөгтэй хүнд холгүй, хүлэгтэй хүнд ойргүй тийм л талд Хөх овооны энгэрт нутагладаг байлаа.

Хөх овооны энгэрт хөх бууцны дэргэд жижигхэн бор гэрт жаалхан бор эмээ минь суудаг сан. Ач, зээ нарынхаа дэмээр мал хуйгаа адгуулж, сааль сүүгээ бэлтгэж, төл малаа бойжуулж, товхийтэл амьдарна. Эмээ минь ажилч, гярхай, шав шувхийсэн, яриа хөөрөөтэй хүн байлаа. Зургаан сайхан үрсээс нь нахиалан дэлгэрсэн ач, зээ нар нь Хөх овооны өвөлжөөнд жавар үргэтэл бужигнаж шуугиж шаагилдана даа. Аймгийн төвийн сурагч бид хаврын амралтаар мал төллүүлэх ажилд дайчлагдчихна.

Хонины хишигтэй хүүхэд бид хурганы уут дүүрэн ишиг хургаа дүүрээд алаг морьтойгоо давхиад ирнэ. Эмээ минь борцтой будаатай цай пурхийлгэчихсэн халуу дүүгтэл угтдаг сан. Охид бид ор дэрний уут, орны наагуур татдаг хөшгөн дээр цэцэг навч хатгах, янзага гөрөөс мэтгэх чухал ажилтай. Орсон ч гарсан ч, суусан ч боссон ч сар шинээс амжих гэж мөнөөх үйлээ мэтгээстэй. Жаргалын найман морь гэрийн хойморт эвшээгээд, жаргалтайн дэлгэр аялгуу тоонон дээр тунараад, жавартай оддын гэгээ тотгон дээр гялалзаад, жамаараа битүүний өдөр тэгшрээд ирэх нь тэр ээ.

Шинийн нэгний өглөө ээж минь эртлэн босож шар тос хөвүүлсэн өтгөн сайхан цайгаа чанаад, аав минь шинэ дээлээ өмсөж зүг мөрөө гаргачихаад жавар татуулсаар ороод ирнэ. Хүүхэд бид нүд гялбам торгон дээлээр баринтаглаж, хаврын эхэн сарын шинийн нэгний нарыг харахаар яаран гүйн одоцгооно. Өвлийн шөнийн одод хаврын анхны яргуй болж, өнтэй цасны будраа нялх ногооны шим болж, өлчир малчны хот ууган төлийн нэмнээ болж, өнчин сарны хэлтэрхий мөрөн голын цөн болж хавар хатагтай гадаа айлчлан ирсэн ажгуу. Ай даа, хаврын цэнгэг салхийг цээж дүүртэл амьсгалаад хамаг хүслээ нарандаа даатгаж зүг мөрөө тэгшлээд шинийн нэгнийг угтах ч сайхан даа.

Сар шинийн нэгэнд нутгийн тэнгэр торох ч үүлгүй цэлмэг байдгийн адилаар хүмүүний сэтгэл ч тэнэгэр уужим байдаг сан. Зурагтаар аялгуут мэндчилгээ явж дуу хуур уянгалаад л зүрх сэтгэлийг хөвсөлзүүлж, зүг зүг тийш нисгэж орхино. Амар мэндийн цэнхэр хадаг дэлгэсэн ахан дүүс, амраг садан аав ээж, эмээ өвөөдөө золгож үгийн сайхныг хэлэлцэж, үйлийн сайныг ерөөцгөөдөг нь монгол хүний сэтгэлгээ хийгээд бэлгэ дэмбэрэлт ёсон билээ.

Идээ будаагаар ширээ нь бялхаж, итгэл зүтгэлээр сэтгэл нь цалгиж, инээд хөөрөөр гэр нь халгиж, ихэс буурлаар хоймор нь дүүрнэ. Улиран одож буй жилдээ удаан уулзаагүй элгэн садан учран золгож ураг төрлөө мэдэлцэн шинэлдэг нь урьд эртийн ёсон билээ л. Амраг хоёрыг уулзуулдаг зууч нь билээ хавар, амар мэндийг ерөөдөг дууч нь билээ хавар, эргэх замбуулин хорвоогийн замч нь билээ хавар, ирж буй цагийн зөнч нь билээ хавар. Аавын минь ээж бидний багын хөгтэй дурсамжийг дэлгээд нуг нуг инээгээд л, бүр эртийн үлгэр домог шиг яриаг тов тодхон ярьдаг ой сайтай хүн байсан юм. Хүүхдүүд бидний хөгжилтэй түүх дуусах биш. Ач, зээ нараа хэнийг нь ч алагчилгүй хайрлаж, илүүчилж байдаг буянтай буурал байж дээ. Эмээ минь энгийн даруу зантай, чамирхаж гоёхыг мэддэггүй бодь нэгэн. Үргэлж л бөртөлзөн, бөгтөгнөн оровч гаравч ажил эмхлүүлээстэй.

Сар шинийг угтаж үүцэлсэн гүзээ цагаан тосыг нь бид ард урдуур нь оготно шиг мэрээд хонхойлгочихдог сон. Авдартаа нандигнасан бэлэг сэлтийг нь бидний үеийн охид дэм болж сар шинээр хүмүүст хуваарилан тараана аа. Нэг удаа үеэл охин эмээгийн бэлгийг голоод хаалга саваад гүйдэг байгаа. Эмээ минь хүүе, хаая яав ийв л болов. Аав минь “настай хүнийг гомдоодог цадиггүй золиг” гэж аймгийн төв рүү явган нүцгэн харайлгасан мөнөөх охиныг аргадах загнахын завсарт аваад ирэв. Чухам яагаад ийм хэрэг мандав гэхээр түүнд таалагдаж байсан үсний алтлаг өнгөт хавчаар нь өөр охинд оччихжээ. Учрыг мэдсэн эмээ минь өврөө ухаад байж ядан эргэлдэн мунгинаж байсан тэр дүр төрх одоо ч нүдэнд минь харагдсаар л. Тэр үед эмээ минь ямар их уймарч шаналсан бол оо гэж бодогдоход нулимс ивэлнэ. Хүүхэд бид байгаа, байхгүйн учрыг ухах биш дээ. Тэр цагаас хойш эмээ минь бүгдэд нь адил өнгөтэй бэлэг зэхдэг болсон сон. Би сар шинээр ногоон торгон дээл өмсөж байсан тэр жилээ илхэн санадаг юм.

Тэр жилээр ээжийн ээжийнд золгож ахан дүүс цугласных гээд бичлэг хийж тэрийгээ ухрааж, удаашруулж, хурдасгаж үзээд бөөн инээдэм болж байсан юм даг. Ээжийн ээжийг Ойдовын Даваа гэдэг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран бригадын хүн. Нарангийн алтан харганатай талаар ардын дуугаа дуулж, аргал шивээлж явсан монгол бүсгүй. Даваа эмээ минь их ганган дэгжин хүн байлаа. Цэмбэгэр сийрсэн малгай өмсөж, цэцэгтэй шүхэр барьж явдаг байв. Эмээг тас тас инээхэд нь чамин шигтгээтэй ээмэг, бөгж нь гялалзаж байдаг нь он цагийн тэртээгээс гялбах шиг санагдав.

Эмээгийн авдарт нархамба нандин чавга, алим, пичень, самар, үзэм ,торго дурдан байхгүй юм үгүй. Намайг “өндөр цагаан бүсгүй болно доо” гэж хэлээд үнэрлэн өхөөрдөнө. Бас дуу хууранд жигтэйхэн дуртай. Намайг дуул гэнэ. “Настан буурал эмээ”- г дуулахаар мэлмэртэл уйлдаг уяхан зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Тэр жилийн сар шинийн баяраар гэр дүүрэн хүмүүс хөөрөглөн тамхилцгааж, золгуут хийж байв. Нагац ах нар маань юунаас ч болсон юм хоорондоо маргаад амжив. Хүүхэд бид гайхан бүлтэгнэж, хөгшид тэрүүгээр дуу алдацгаав. Шинийн архиндаа халамцсан нагац ах маань айлд өргөгдөөд явсан ч ээж дээрээ ирж золгодог уламжлалтай.

Өвөөгөөс үлдсэн үнэтэй хөөргийг, айлд өргүүлж явсан хүү нь үрж тарсан хэрэг л хийсэн шиг байгаа юм. Түүн дээрээс л дөгөө үүсэж бага хүү нь эцгийнхээ хөөргийг ахаасаа сурж л дээ. Хүүхэд бид юугаа мэдэх вэ. Хөгшин ээж минь дуунд уяраад жарган мэлмэрдэг нүднээс нь үр хүүхдэдээ гомдон зангирсан харууслын нулимс унагаж билээ. Сар шинийн өдрөөр шүү дээ. Ингэж л үр хүүхэд бидэн ёс алдаж, гэм хийсэн түүхтэй. Сар шинийн сайхныг яриад байвал дуусашгүй. Гэвч сэтгэлийн мухарт дандаа бодогддог гэмшил, харуусал энэ буюу.

Үеэл охиныхоо өмнөөс, нагац ах нарынхаа өмнөөс тэнгэрт дэвшсэн хоёр буурлаасаа өршөөл эрмү. Нарангийн алтан харганатай талаар эмээгийн минь дуу эгшиглэхгүй, Хөх овооны хөх өвөлжөөнд эмээгийн минь инээд цангинахгүй гэж бодохоор амьдрал юутай мөнх бусын бэ. Өндөр тэнгэрийн таалал юугаар өлзий хутаг нь оршиж, өвөг дээдсийн сургаал юугаар өргөө гэрээ босгосон үр хүүхэд бидэн өнөө олон олон гуч нарыг тань төрүүлж өнөд дэвжихийн бэлгэдэл юугаар үндэс цэцэг нь дэлгэрсэн билээ. Ээж аав минь өдгөө эмээгийн минь насан дээр ирж аанай л эртний уламжлал ёсыг залгамжлан үлгэрлэж яваа. Харин бид тэднийгээ гомдоож, сэтгэлийг нь чилээхгүй сайн сайхан амьдрахыг хичээж явнам. Өнгөтэй бүхнээ өмсөөд очсон ч өмөлзөн шинждэг нь ээж минь билээ. Өөдтэй бүхнээ өргөн дээжилсэн ч өөрөөсөө ч харамладаг нь аав минь билээ.

Хаврын урь гэж цаанаа л гэгэлгэн. Дурлал шиг л гэнэхэн догдлуулаад л ирдэг ээ хавар. Дуу шиг гэнэтхэн аялагдаад л ордог оо хавар. Нараа дагуулаад шувууд нь ирэхэд эх орон нь бүтэн болдог, найраа түрээд хотлоороо золгоход элгэн садан нь дүүрэн болдог хаврын эхэн сарын шинийн нэгэндээ даяар хотлоороо далай амгалан, элгэн саднаараа эсэн энх жаргах болтугай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top