Ч.Цэвээнпүрэв: Тамирчин хүн ёс суртахуунтай байж АВАРГА болдог

2022 оны 01 сарын 25

Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг "Алдартны яриа" буландаа урилаа. Дэвжээнд гарахдаа үнэгэн малгай духдуулж, “Монголын дайчин” хэмээн омгорхож явсан боксчин өдгөө ном бүтээл гаргаж нам гүмхэн амьдарч буй ч харцанд нь, үгэнд нь мөнөөх дайчин чанар нь гялалзсаар байсан юм. Ингээд түүний яриаг хүргэж байна.


-Та дэлхийн дэвжээнд боксын төрөлд 50 гаруй оронд 100 гаруй тулаан хийхдээ ялалт байгуулж дэлхийн боксын холбооноосоо таван бүсийн эзэн болсон. Их Британид 10 гаруй жил амьдраад эх орондоо ирсэн. Тэнд үлдэх боломж байсан уу?

-Хэд хэдэн улс иргэншилдээ орох санал тавьж байсан. Гэвч эх орондоо сэтгэл зүрх минь татагдаж байлаа. 2013 оноос эх орондоо ирэн очин байж байгаад сүүлийн үед Азийн орноор нэлээн явлаа. Хамгийн сүүлд рингэн дээр 45 настай тулалдаж байлаа. Дэлхийн боксын холбоодын чансаатай таван бүсийн эзэн болсныг минь, дэлхийн 1200 боскчиноос шилдэг дөрөвт орж байсныг минь, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явааг минь  үнэлж 2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнаж байсан.

Миний тулааныг телевизээр шууд дамжуулахад баруун Европод 60 сая хүн үзсэн гэсэн судалгаа бий. Гэтэл Монголд хэдэн хүн үзсэн бол. Энэ спортыг хөгжүүлэх, хойч үеэ бэлтгэх цаг болжээ гэж үзэн болохоор эх орондоо ирсэн юм. Би анх Г.Оюунболд багшийн удирдлага дор хичээллэхдээ олимпын алт, мөнгөн медальт Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай хамтарч бэлтгэл хийдэг байсан. Би тэр үед 23 настай байсан. Олон хүн нас чинь оройтсон гэж байсан ч цуцалтгүй, буцалтгүй тэмцсэний хүчинд 40 хүрсэн хойноо  ялалт байгуулж дэлхийн аварга болсон доо.

-Та анх боксын спортод хорхойсох болсон шалтгаан юу байсан бэ. Энэ хүртэлх амжилтын гараагаа эргээд дурсвал?

-Би анх 1992 онд орос сувгаар Майк Тайсоны тулааныг үзээд энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн. Тэр тулааныг үзсэнээс хойш нэг их удалгүй Г.Оюунболд багштайгаа уулзаж боксын клуб байгуулж байлаа. Одоогоос 20 жилийн өмнө миний найз О.Алтанпүрэв Англи улсад мэргэжлийн тулааны шоу зохион байгуулдаг байсан юм. Тулааны спортод өөрийгөө сайн хөгжүүлсэн хүн.

Би түүнийг “Брюс Ли” гэдэг. Хөл гарын цохилт, хараа гүйцэгдэхгүй шахуу хурдтай. Найз маань надад урилга ирүүлж би Англи улсыг зорьж байсан түүхтэй. Тулаанд оролцож 32 мянган фунтийн мөнгөн урамшуулал авна аа. Түүний 50 хувь нь надад, үлдсэн нь дасгалжуулагч болон туслахуудад очдог байлаа. Гэхдээ хөнгөн жингийн тамирчин, хүнд жингийнхнээсээ бага шагнал авдаг л даа. Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг ингэж үнэлдэг юм байна гэсэн бодлоос илүү дэлхийн аваргууд шиг мундаг тамирчин болох мөрөөдөл минь олон жилийг харьд өнгөрүүлэх шалтгаан болсон.

-Та өдгөө ямар ажил алба хашиж байна вэ. Залуу тамирчдыг дасгалжуулж байна бэлдэж байна уу?

-Байлдааны самбо буюу холимог тулааны тамирчидтай болон цэрэг армийн гардан тулааны ангийнхантай ажиллаад гурван жил болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хүчтэй цэрэг армитай байх ёстой. Чингис хааны үеэс л цэрэг арми нь гардан тулаанаар маш хүчтэй байсан шүү дээ. Мөн түүнчлэн залуусыг зөв хүн байх тал дээр нь сэтгэл зүй, ёс зүйг нь бэлдэж байна.

Багахан амжилтандаа эрдэж алдаж эндэж яваа залуусыг хараад харамсдаг. Хүн бүхэн л чамайг аварга болчихвол “аварга аа” гээд л хүндэлнэ, архи сархад барина, тойрч хүрээлнэ. Энэ хүндлэлд ташуурч илүү их амжилтаа ахиулах боломжоос хоцорч байгаа залуустай таарч л явлаа.

Би өдгөө 50 насны босго давж байна. Миний үед спортын бэлтгэл хийх, гадагшаа явах, өөрийнхөө чадал чансааг харуулахад боломж нөхцөл тааруу байсан. Одоо бүх юм нь бэлэн. Тамирчин хүн өөрөө л хичээвэл хүссэн амжилтандаа хүрч чадахаар байна шүү дээ. Хүний нутагт 10 гаруй жил асгаруулсан хөлснийхөө үр шимийг хэрэгтэй хүнд нь хүргэе, түгээе гэсэн бодол тээж явна. Сүүлийн тав зургаан жил мод тарих ажилд ихээхэн анхаарсан. Монголдоо төдийгүй Германд алдар нэрээ дуурсгасан эрдэмтэн  зохиолч Ч.Галсан гуай, түүний хүү Г.Галтайхүү нартай хамтарч маш олон мод тарьжээ. Би Англид ажиллаж, амьдарч байхдаа  тэнд арав гаруй мянган мод тарьсан туршлагатай. Эх орондоо хайртай хүн бүхэн мод тарих хэрэгтэй.

-Та өөрийн гэсэн боксын клубын нээж, мэргэжлийн боксын ордон барьж, монголынхоо тамирчдыг  мэргэжлийн тулааны төрлөөр дэлхийн хэмжээнд гаргах бодол тээж явдаг гэж өмнө нь ярьж байжээ. Энэ мөрөөдлөө биелүүлж байгаа юу?

-Монголд мэргэжлийн тулаанчдын ордон байтугай олигтой  заал танхим ч алга. Гэтэл дэлхийг  эзэлж явсан монголчуудын удам тулаанчид байсан. Би монгол цэргийн түүх, тулаанчдын тухай  уншиж судалсан учраас ингэж хэлж байгаа юм. Ордон барих мөрөдөл минь хараахан биелээгүй байна. Харин нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох үнэ төлбөргүй талбайтай болохыг зорьж яваа. Удахгүй биелэх байх гэж найдаж байна.

Монголд өнөөдөр хөл бөмбөгийн ганц нэг талбай байгуулагдсан ч бүгд эзэнтэй. Сагс, гар бөмбөгийн талбайнууд төдийгүй машины зогсоол нь эзэнтэй, төлбөр нэхдэг. Хүүхдүүд ганц цаг тоглоход мөнгө авч, шулдаг байж таарахгүй. Энэ асуудлыг төр, засгаас анхаарах хэрэгтэй. Тэгвэл,  баруунд спортоор хичээллэх бүх боломж нээлттэй, хүүхэд залуус нь эрүүл чийрэг. Хүн амынх нь наслалт 100 давж, ахмадууд нь  нас 80, 90 гарсан ч цог золбоотой, спортоор хичээллээд гүйж явдаг. Манайд залуус нь боломжгүй байгаа юм чинь ахмадууд хүний тооноос хасагдах нь аргагүй. Энэ зөвхөн боловсрол, эрүүл мэндтэй холбоотой юм биш. Монголын хувь заяатай холбоотой асуудал шүү.

-Таныг түүх судлаач гэдгийг багагүй хүн мэдэх байх. Хэдэн ном гаргасан бэ. Залуу тамирчдад зориулаад номоо мэргэжлийн  тулаанч хүний өнцгөөс нь бичиж байна уу?

-Би түүх  сонирхдог. Унших, судлахад  багагүй цаг зарцуулдаг. Өнөөдөр эргээд харахад  миний амьдрал байнгын бэлтгэл сургуулилт, тулаанаас тулааны хооронд өнгөрчээ. Тиймээс өөртөө цаг гаргаж, өөрийгөө болоод залуучуудыг хөгжүүлэхийн төлөө ажиллая гэж байгаа юм. Монголчууд эцэг, өвгөд, эрдэмтэн мэргэдээ дээдэлж ирсэн. Сүүлийн үед энэ уламжлал хаягдчихаж. Баруунд түүхт хаад, агуу эрдэмтдээ асар их хүндэлдэг. Яаж хүндэлж ирэв,  тэр хэмжээгээрээ өнөөдөр хөгжлийн оргилд явж байна.

Гэтэл  манайд төр нь ч, иргэд нь ч  өвгөд дээдэс, багш нар, ахмадуудаа хүндлэхээ байчихаж. “Уулын чимэг мод, улсын чимэг эрдэмтэн” гэдэг шүү дээ. Бид эрдэмтэн мэргэдээ  хүндэлж хайрлаж, тэдний суу ухаан,  эрдэм чадлыг  залуу үе маань авч үлдэх ёстой. Цаг, жам хоёр биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс энэ талаар залуучууд, дүү нартаа байнга хэлж, захидаг юм. Баруунд миний удирдлагад мэргэжлийн боксоор хичээллэж байсан хүүхдүүд ч ялгаагүй. Хүн ёс журамд баригддаг, дэгийн дор хүмүүждэг.

Баруунд эцэг эхчүүд нь хүүхдээ боксоор хичээллүүлэхээс илүү  хүмүүжүүлэх гэж авчирч өгөх нь ч цөөнгүй. Лондоны Шаолины сүмд бэлтгэл хийхэд ийм байдал  ажиглагддаг байлаа. Хүүхдийг хүмүүжүүлэх ухаан  Ази Дорно дахины ёс уламжлалд маш гүн гүнзгий шингэсэн байдаг. Би “Эрүүл мэндийн зөвлөмж” цуврал ном, гардан тулааны ном (Зохиолч Б.Ойдовтой хамтарч “Монголын цуутай гардан тулаанчид” ном) гаргаж байлаа.

Одоо гардан тулааны “Нармай Монголын цуутай нударган тулаанчид” ном маань хэвлэлтэд өгөхөд бэлэн болоод байна. Буриад, Тува, Өвөрмонголыг бүхэлд нь хамарсан гардан тулаанчдын тухай өгүүлсэн. Энэ номоос залуус эрч хүчтэй эрүүл чийрэг, эх оронч байх тухай ойлголт аваасай гэж хүсэж байна. Мөн түүнчлэн “Их эзэн Чингис хааны сургаал”, “Данзанравжаагийн сургууль” гэсэн номууд гар бичмэлийнхээ шатанд явж байна. Энэ номыг хүүхэд залуусын боловсролын системд нэвтрүүлэх бодолтой.

-Тулааны рингэн дээр хүч чадал овсгоо самбаанаас гадна аз шовойно гэж байх уу?

-Би өөрийгөө азтай гэж боддог. Би чинь золиосны тамирчин гэж хэлэгдэж байлаа. Гадаадад цагаачилж тулалдаж яваа болохоор боломжийг л анаж, найдаж хүлээж байсан. Олон сая хүн зурагтаар шууд үздэг дэлхийд нэртэй том тулаанд нэг тамирчны бие нь өвдөөд ирээгүй учир би орж таарсан. Тэндээс л өөрийгөө харуулах боломж нээгдсэн дээ. Тулааны рингэн дээр ямар нэг азанд найдах биш цэвэр өөртөө л найддаг.

Жин хасаад ядарч сульдсан үед бол цаг хугацааг алдахгүй хэдхэн минутанд л өрсөж цохилт хийх хэрэгтэй байдаг. Хамгийн анх 1996 онд Солонгосын тамирчинтай тулалдаж, наймдугаар үедээ хүнд цохилтоор ялж байлаа.

-Мэргэлжийн боксын төрөлд хөтөлсөн багш тамирчдаа дурсан ярина уу?

-Мэргэжлийн бокст хүч сорьсон монголчуудын буухиа бол Д.Лхагва багшаас эхлэлтэй. Түүнчлэн Д.Оюунболд багш маань спортын клубийг байгуулж, Б.Олзод багш мэргэжлийн боксын холбооны тулгын чулууг тавилцсан түүхтэй. Харамсалтай нь 2012 оныг хүртэлх хөгжлийг нь харахад мэргэжлийн бокс Монголд гавьтай дэлгэрээгүй байгаа нь үнэн. Тиймээс ч бид Монгол туургатны мэргэжлийн боксын холбоог байгуулсан юм. Энэ төрлийг хөгжүүлэхэд амь амьдрал, сэтгэл зүрхээ зориулсан чансаатай тамирчдаа дурсах сайхан байна.

Монголын ширэн бээлийтний түүчээ тасрах учиргүй. Монголчууд эртнээс гардан тулаанд дадмаг, чадмаг улс байсан юм шүү.

-Та рингэн дээр өмсөж гарсан үнэгэн малгайгаа овоо үнэ хүргэдэг байсан гэж сонссон. Ер нь таниар дамжуулж гаднынхан монголчуудыг их сонирхож байв уу?

-Тийм ээ. 50 фунтээс эхэлж 300 ам.доллар хүрэхээр нь авъя гэсэн хүнд рингнээсээ шидээд өгчихдөг байсан. Олон малгай зараагүй ээ. Хүмүүс ер нь сонирхдог юм билээ. Хааяа том компанийн ерөнхийлөгч нар сонирхоно. Жижиг компаниуд ч намайг “Ямар хувцас хийлгэмээр байна. Хүссэн хувцсаа захиал” гэдэг байсан. Хариуд нь “Миний бүх хувцас дээр “Монгол дайчин” (Mongolian Warrior) гэсэн бичиг байх ёстой. Та нар логогоо тавьж болно” гэхээр дуртай зөвшөөрдөг юм.

Тэр ч бүү хэл шүдний хамгаалалт маань хүртэл төрийн далбааны өнгөтэй байсан нь миний нэг тод имиж байлаа. Миний тулааныг үзэх гэж хүмүүс Монголын түүхийг судлаад ирдэг байлаа шүү дээ. Манай түүхийг гайхан шагшина. Монголд ирж үзэхийг хүснэ. Зарим нь гадаад орноос зорьж ирэн гэрт минь зочилж, хөдөө нутгаар аялж л байлаа. Танай орон, хүн ард нь ямар сайхан юм бэ гэцгээнэ шүү дээ.

-Та багадаа хаана өссөн бэ. Ямар хүүхэд байв?

-Миний бага нас Яармагт өнгөрсөн. Айхтар зодоонч байгаагүй ч өөрийгөө болон найз нараа хамгаалах чадвартай байсан. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар бид хоёр нэг гудамжны хүүхэд байлаа. Тэрэгтэй ус чирж, түлээ хагалж борог амьдралд өссөн минь амжилтад хүрэхэд их нөлөөлсөн болов уу гэж боддог. Өвөл нь Богд уул руу чарга чирж гулгадаг, зун нь Туул голын эрэг дээр загас шүүрддэг байлаа. Бусдын л адил амьдралаар өсөж том болсон доо.

-Та ямар хоббитой вэ?

-Гадаадын хуучны мөнгөн тэмдэгт цуглуулдаг. Одоогийн байдлаар 50 гаруй орны мөнгөн тэмдэгт бий. Монголын хуучны мөнгөн тэмдэг болон эртний эдлэлийн цуглуулгаа гэрт хулгай ороод алдчихсан. Бодвол мэддэг хүн нь л авсан байх.

-Таныг кинонд тоглож байсан гэдэг юм билээ?

-Англид байхад “JNC” продакшны хийсэн кинонд тоглосон юм. Үүнийг би өөрийнхөө амьдралын маш том боломж гэж бодсон. “Харгис Монгол” хочтой, рингэнд гарах бүрд өрсөлдөгчөө хороодог залуугийн дүрд тоглосон. Тэр кинонд Холливүүдын нэрт жүжигчин Жет Литэй хамт тоглож байлаа шүү дээ.

-Таны ярианд тамирчдын ёс зүйн талаар дурдагдлаа. Залуу тамирчид тэр дундаа Э.Цэндбаатарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Алддаггүй эр, нурдаггүй эрэг байхгүй. Бие биенийхээ алдааг засаж залруулж явах хэрэгтэй. Худлаа хөөрөгддөг хүн олон шүү дээ. Хүмүүс “аварга аа” гэж их л хөөргөх юм. Энэ нь түүнийг хорлож байгаатай адил. Хүмүүсийн аварга байхын тулд хүний хайр хүндлэлийг дааж явах учиртай. Хариуцлагатай л байх ёстой. Э.Цэндбаатар ч тэр, Н.Төгсцогт ч тэр хэнийг нь ч хөөргөдөж болохгүй. Тэд ах нарынхаа дэргэд архи уух байтугай үг сөрөх ч эрхгүй. Энэ хоёрыг хоёуланг нь дэмжиж найдлага тавьж явдаг. Ялангуяа Н.Төгсцогтод би ах хүний зүгээс зөвлөгөө өгдөг л дөө.

Тамирчны ёс зүй маш өндөр байж л амжилтанд хүрдэг. Ёс суртахууны ухамсрыг багаас нь хүмүүжилд нь суулгаагүйн улмаас ийм алдаа гарч байгаа юм. Японы олимпод аварга болчихоод өрсөлдөгчөө уйлаад сууж байхад хажууд нь гэмшээд зогсож байна шүү дээ. Энэ бол ёс зүй юм. Гэтэл манайхан учиргүй хөөрөөд л дэвхцээд байх жишээтэй. З.Ойдов аварга дэлхийн хошой аварга болчихоод хэзээ ч хөөрч баярлаж байгаагүй. Хүмүүсээс дээр өөрийгөө тавина гэдэг л ёс суртахууны алдаа байдаг. Үндэсний бөх ч ялгаагүй. Бөхөө хүндэлдэг ард түмнээ бөхчүүд нь хүндлэхгүй байна. Ямар ч ёс суртахуун алга. Тамирчин хүн цэвэр ариун ёс суртахуунтай байж л хүмүүсийн аварга болдог. Залуу тамирчдад ном сайн унш, бясалгал хий гэж зөвлөе.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganzorig(66.181.161.100) 2022 оны 01 сарын 28

estoi mundag setgeltei zaluuda f

0  |  0
О.Баясгалан(202.126.89.245) 2022 оны 01 сарын 26

Mundag ah daa .sain saihan buhniig husie.

0  |  0
bek(203.91.115.50) 2022 оны 01 сарын 25

mundag

0  |  0
Enne(66.181.161.75) 2022 оны 01 сарын 25

Ene pizdaa baaasaaraa avarga bdiin google deed harchih l daa

0  |  0
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
ҮНЭН(66.181.181.131) 2022 оны 01 сарын 25

Юмыг үнэнээр нь бичиж сурмаар байнаа манай сурвалжлагч нар. Цэвээнпүрэв хэзээ ч Дэлхийн аврага болж байгаагүй, титэмийн төлөө өрсөлдөх хэмжээнд очиж байгаагүй шүү , Английн нэг холбооны аврага хавьд олон байсан байх

2  |  0
Top