"Хуулиуд хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй болно"

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан 2021.01.13-нд боллоо.

Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан цахимаар оролцсон юм.

Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар баталсан “Төрийн ёслолын журам”-д Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу таван жил тутамд залж, олон нийтэд сонирхуулна гэж заасан. Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өчигдөр Үндэсний музейд нээгдэж буй “Үндсэн хууль-30” үзэсгэлэнд олон нийтэд үзүүлж сонирхуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль цөөнгүй сорилт, шалгалтыг давж, гурван арваныг тууллаа. Манай Үндсэн хууль урт хугацаанд, тогтвортой үйлчлэх чадвартайгаа харуулж, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, төрийн тогтолцооны талаарх олон нийтийн санаа бодолд эерэг үнэлгээ давамгайлж байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц өрнөж, 2000 онд Үндсэн хуулийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хожмоо “Дордуулсан долоон өөрчлөлт“ хэмээн нэрлэгдэж, олон нийт, судлаач эрдэмтдийн шүүмжлэлд өртсөн билээ.

Түүнчлэн 2011-2015 онд УИХ, гишүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж нийгэмд тулгамдсан асуудлуудыг Үндсэн хуулийн түвшинд зохицуулах хэд хэдэн удаагийн санаачилга гарч, зарим төсөл өргөн баригдсан боловч парламентаар хэлэлцэх боломж бүрдээгүй юм. Энэ асуудлыг үе үеийн УИХ анхаарч ирсэн бөгөөд Эрдэмтэд судлаачдын баг Үндсэн хуулийн хэрэгжилтэд иж бүрэн судалгаа үнэлгээ дүгнэлт хийж, 2016 оноос Засгийн газар, УИХ-аас ажлын хэсгүүд байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судалж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, ард иргэд олон нийтийн санаа бодлыг тандан тодорхойлсон билээ.

Энэ бүгдэд үндэслэн Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлсний үндсэн дээр  2019 онд УИХ уг төслийг Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу таван сар шахам хугацаанд улс төрийн бүх нам,  иргэд,олон нийтийн өргөн оролцоог хангасны үндсэн дээр хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ард түмний засаглах эрхийг ханган, парламентат ёсоо бататган бэхжүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тодорхойлж, УИХ-ын хариуцлага, хяналтыг сайжруулах, улс төрийн нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг  дээшлүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн.

Өдгөө энэхүү нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгох Эрх зүйн хувьсгалын үйл явц өрнөж байна. УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудын шинэчилсэн найруулга, тэдгээрийг дагалдсан холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, мөрдүүлж эхлээд байна.

Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжсэн 30 жилийн замналаас үзэхэд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үндэс суурь болсон хууль хоорондын уялдаа холбоо бүрэн төгс биш, үүнээс үүдэн хяналт-тэнцлийн механизм бүрэн төгс болсонгүй. Саяхан баталсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль энэ асуудлыг шийдэх нэг чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас нь хийх бас нэг чухал алхам нь Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүйцэтгэх засаглалын хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгах явдал юм.

Хуулийг батлаад орхихгүй, хэрэгжилтэд нь мониторинг хийж, үзэл баримтлалынхаа дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэх хандлагаар иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэлтэй хамтран хянах, нийтийн сонсгол хийх энэ шинэ тогтолцоо парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлнэ. Хяналт, сонсгол, мэдээлэл судалгаа хийснээр хууль тогтоомжийн зөрчил, хуулийн хийдэл, давхцал гарч байгаа эсэхийг илрүүлэн мэдэх, хууль тогтоомжийг системчлэх асуудалд шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр хандах боломж бүрдэх юм.

Хууль тогтоох байгууллагын баталсан суурь хуулиудыг дагаж гарсан хуулиуд нь давхардалгүй, зөрчилгүй, хийдэлгүй байж чадвал эрх зүйн шинэтгэл үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэж байж эрх зүйн систем бүхэл тогтолцоо болно. Эрх зүйн салаа утгагүй, тодорхой байдлын зарчим, хууль хэрэглээний тогтвортой байдлыг Засгийн газар, Шүүх, Үндсэн хуулийн цэц хангах ёстой. Эргэх хандлагын хяналтыг УИХ хийж, хууль системтэй, зөв хэрэгжсэнээр эрх зүйт, авлигагүй, шударга төр төлөвших болно. Энэ хүрээнд эхний ээлжинд хүнээс хамаардаг бус, хууль засагладаг шударга, хараат бус шүүхийн тогтолцоог бүрдүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.

Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ард түмэн маань баялгийнхаа жинхэнэ эзэд байж, үр өгөөжийг нь хүртэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ёс зүй, сахилга хариуцлагад суурилах, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зэрэг чиглэлээр цөөнгүй хууль батлан гаргах шаардлагатай байна.

Коронавируст цар тахлын нөхцөлд бүх байгууллага, иргэд зохицон ажиллаж амьдрах, төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах шаардлага нэн тулгамдаж байна. Энэ чиглэлээр холбогдох хэд хэдэн  хуулийг УИХ батлан гаргасан. Цахим шилжилт нь хүнд суртал, зардал чирэгдэл, авлига үүсэх орчин, нөхцөлийг арилгахад чухал хөшүүрэг болох нь дамжиггүй юм.

Өөр нэг анхаарал татсан асуудал бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн асуудал мөн. Үндсэн хуулийн 58.1-д заасны дагуу эдийн засаг, нийгмийн цогцолбор байх учиртай нэгжүүдэд тодорхой эрх мэдлүүдийг олгох замаар төсвөөс хараат бусаар биеэ даан хөгжих боломжийг бүрдүүлэх нь нэн чухал зорилт мөн. 1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуунд, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагддаг, тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлог, аж ахуй эрхлэх амьдралын хэв маягтай уялдан зохицсон байв. 

Түүнээс хойших социалист байгууллын он жилүүдэд сумдыг нийгэм, эдийн засгийн цогцолбор буюу сум, нэгдэл болгон хөгжүүлж байсан ч өдгөө үндсэн бүтэц нь алдагдсанаар өнөөгийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 330 сумын дийлэнх нь төсвийн татаасаар амиа аргацааж байна. Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл хүн амтай байгаа одоогийн нөхцөлд хоршооллын зарчмаар буюу нийгэм-эдийн засгийн цогцолбор болгон хөгжүүлж, сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарч, хөдөө хөгжих болно.

Тиймээс улсынхаа нийгэм, эдийн засгийг Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бүс нутгаар хөгжүүлэх, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүхэнд хүртээмжтэй хүргэх зэрэг шаардлагад нийцүүлэн засаг захиргааны тогтолцоог дорвитой шинэчлэх цаг болсон гэж үзэж байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албаны чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Төр нь сайн түшээгийн хүчинд л тогтвортой, дархлаатай байж чадна.

Дархлаатай төр л даяар олныхоо итгэлд бат оршино.

Тиймээс эдүгээгээс нэгэн зууны өмнө өвөг дээдсийн минь төрийн албанд зарчим болгон тогтоож байсан.Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг эн тэргүүнд бодох, цэвэр шударга, зусарч бялдууч биш, эрх ямбатанд нүүрчилдэггүй алба хаагчидтай болох нь төрд сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэхээс эхлэх учиртай. Монгол төрд алба хаших түшээдийг ёс зүй нь эерэг, мэдлэг чадвар нь нийцтэй, сэтгэл зүтгэл нь тууштай байх шалгуураар, алагчлалгүй сонгон бүрдүүлэх тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top