ХАБГБ-ын энхийг сахиулагчид Казахстанд үүрэг гүйцэтгэж эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид Казахстаны эрх баригчдын тавьсан хүсэлтийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Тус байгууллагын энхийг сахиулагчдын хувьд энэ нь түүхэн дэх анхны ажиллагаа болж байна.

Өнгөрсөн лхагва гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улсад нь үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагт хандан тусламж хүссэн билээ. Үүнээс хойш хэдэн цагийн дараа ХАБГБ-ын зөвлөлийг тэргүүлж буй Армены Ерөнхий сайд Никол Пашинян Казахстанд үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулж, хэвийн байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд энхийг сахиулагчдыг илгээх тухай мэдэгдэв.

Одоогоор хэдэн энхийг сахиулагчийг илгээх нь тодорхойгүй байна. Тус байгууллагын гишүүн орнуудын нийт энхийг сахиулагчдын нэгтгэлүүдийн бүрэлдэхүүнд 3.6 мянга орчим алба хаагч байдаг байна.

Одоогийн байдлаар, ОХУ, Беларусийн энхийг сахиулагчид Казахстанд ирээд байна. Киргиз улс тус байгууллагын хүрээнд нийт 150 цэргийн алба хаагч, 19 цэргийн техник илгээхээр төлөвлөж байна. Ингэхдээ Киргизийн энхийг сахиулагчид тус улсын стратегийн объектуудын хамгаалалтад дайчлагдах бөгөөд жагсагчдын оролцоотой ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчдыг дайчилж буй үйл явцыг анхааралтай ажиглаж байна гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдэгдсэн байна.

Тэрбээр АНУ нь ХАБГБ-ын энхийг сахиулагчид болон Казахстаны хууль хүчний байгууллагуудад хандан хүний эрхийг хамгаалахыг уриалж, Казахстаны Засгийн газар эдийн засгийн болон улс төрийн асуудлаа ойрын хугацаанд шийднэ гэдэгт найдаж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top