О.Батбаяр: Арваннэгдүгээр сарын 27-ноос хойших бүх нислэгээс ОМИКРОН илрээгүй

2022 оны 01 сарын 05

2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр нийт 95 удаагийн олон улсын нислэгээр 9723 зорчигч ирсэн байна. Эдгээр зорчигчоос эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд дотор үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээг хийхэд омикрон хувилбар илрээгүй талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээллээ.

Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд Тайландаас ирсэн нислэгээр хамгийн өндөр халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт зорчигчоос эхний шинжилгээгээр дөрөв, дараагийн шинжилгээгээр 10 хүнд коронавирусний халдвар илэрсэн. Арванхоёрдугаар сарын 27-нд ирсэн Туркийн нислэгээр 10 хүн халдвартай нь батлагдсан.

Эдгээр тохиолдолд мөн омикрон хувилбар илрээгүй гэнэ.

Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байгаад улсууд өөр өөрсдийн судалгааг хийж байгаа аж. Жишээлбэл, омикрон хувилбарыг нээсэн Өмнөд Африкын Бүгд Найрамдах улсын судлаачид өмнө нь халдвар авч өвчилсөн болон вакцины гуравдугаар тунд хамрагдсан хүмүүсийн дархлааны систем омикрон хувилбарын давалгааны үед тооцоолсноос илүү үр дүн харуулж байгааг нотолжээ.

Өөрөөр хэлбэл, халдвар аваад эдгэсэн болон нэмэлт тунд хамрагдсан хүмүүст омикроны хүндрэл, нас баралт бага байжээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд иргэдээ гуравдугаар тундаа бүрэн хамруулах, хил дээрх тусгаарлалт, хяналтаа сайжруулахад омикроноос сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

ВАКЦИНЫ ГУРАВДУГААР ТУН ОМИКРОНЫ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЖ БАЙГААГ НОТОЛЖЭЭ

 

Мэдээллийн дараа Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Энхийг сахиулагчдаас цөөнгүй хүнд халдвар илэрсэн. Тэдний шинжилгээнээс омикрон хувилбар илэрсэн үү. Тусгаарлалтын хугацаа нь юу болж байгаа вэ?

-Энхийг сахиулагчдын нэг удаагийн нислэгээр 244 цэргийн алба хаагч ирж, Бага баян дахь цэргийн амралтад тусгаарлагдсан. Цэргийн алба хаагчдаас одоог хүртэл хийсэн генийн дараалал тогтоох шинжилгээгээр омикрон хувилбар илрээгүй. Суданаас ирсэн 244 зорчигчоос эхний шинжилгээгээр 124 нь эерэг гарсан. Алба хаагчид нэг онгоцоор ирсэн, ирэхээсээ өмнө 2-3 хоног цэргийн тусгай байранд байсан. Тиймээс дахин шинжилгээ авахад эерэг гарсан алба хаагч нэмэгдсэн. Ирэх замдаа онгоцонд халдвар авсан хүмүүсээс халдвар илэрсэн гэсэн үг. Цэргийн албан хаагчдын тусгаарлалтын хугацаа эхнээсээ дуусаж байгаа.

-Манай улсад гуравдугаар тунгийн хамрагдалт ямар байна вэ?

-Гуравдугаар тунд зорилтот бүлгийн 47.9 хувь буюу нийт хүн амын 28.2 хувь хамрагдсан байна. Иргэд гуравдугаар тунд сайн хамрагдсан учраас дельта давалгааны тохиолдлын тоо эрчимтэй буурсан шүү дээ.

-Вакцины хадгалах хугацаа сунгагдсан асуудал гарсан. Яагаад сунгасан бэ?

-Манай улс КОВАКС хөтөлбөрөөр болон Японы Засгийн газрын тусламжтайгаар файзер вакцины худалдан авч байгаа. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин авч байгаа дэлхийн 130 гаруй орон руу “Файзер” компаниас захиа илгээсэн. Энэ захианд хасах 60 хэмээс хасах 90 хэмийн хүйтэнд хадгалагдаж байгаа файзер вакцины хугацааг зургаан сараар тогтоодог байсныг нэмж гурван сараар сунгахыг мэдэгдсэн.

Вакцины чанарт өөрчлөлт ороогүй тул албан ёсоор вакцины хадгалах хугацааг “Файзер” компаниас сунгасан гэсэн үг. “Файзер” компанийн зүгээс есдүгээр сарын 20-ноос хойш үйлдвэрлэсэн бүх вакцины шошго дээрх дуусах хугацааг есөн сараар тавьсан. Тиймээс вакцины хугацаа дуусах гэсэн асуудалд иргэд санаа зовох шаардлагагүй.

М.ТУЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top