ЮНЕСКО: Монгол бий биелгээд зориулж 172.000 ам.доллар батлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо энэ сарын 13-18-ны өдрүүдэд боллоо.

Чуулганд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Өнөөдрийн чуулганаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172.000 ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав.

Ингэснээр Монгол бий биелгээ өвийн уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх замаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэхэд дэмжлэг болох юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top