Б.Үнэнбат, Р.Баатархүү нараас 16 тэрбум төгрөг гаргуулж, улсын орлого болгоно

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Ховд аймагт хууль бусаар вольфрам буюу гянтболд олборлосон гэх Р.Баатархүү, Б.Үнэнбат нарыг шүүх хурал болж, ял оноолоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэл ажлын 14 хоног хянан хэлэлцээд:

-Нийслэлийн Прокурорын газраас: Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, С.Чинбат, Б.Ганзориг нарт холбогдуулан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх,

Кожинов Марк Александрович нарт холбогдуулан хууль бусаар ашигт малтмал олборлох гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Р.Баатархүүг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 8 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Үнэнбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 6 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Ганзоригийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Чинбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарыг хахууль өгөх, авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

-Н.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Г.Нямдорж, Г.Пүрэвганди, Ч.Батсансар, Ч.Уранчимэг, П.Галцог, Ц.Ганболд, Ч.Галбадрах, Д.Цогбадрах, Ш.Санчир, Д.Хэрлэнчимэг, Н.Энхмандах нарын нэр бүхий 13 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, хахууль авсан гэх гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Шүүгдэгч Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн хохиролд тооцож нийт 5.308.517.248 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож,

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгээс 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, Г.Ганзоригоос 3.000.000 төгрөг, Б.Сүхбаатараас 5.800.000 төгрөг, Дэ.Пүрэвдоржоос 8.300.000 төгрөг, Ж.Мөнхзоригоос 30.000.000 төгрөг, Ж.Өнөржаргалаас 30.000.000 төгрөг, Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас тус бүр 5.344.533.333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулбал, Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфрам/ олборлож, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдоод байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saraa(192.82.75.1) 2021 оны 12 сарын 06

ийм нөхөд Монголын прокурорын байгууллагад ажиллаж удирдаж байсан гэхээр ой гутах юм, бузар булай юм их хийж хуулийг завхруулж байсан байх даа

0  |  0
Top