Ц.Хүсэлбаатар: “Хиртээгүй сарнай” кино маань миний найруулсан 12 дахь бүтээл

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Уран бүтээлч булангийнхаа өнөөдрийн зочноор “Хас урлан” студийн захирал, найруулагч Ц.Хүсэлбаатарыг урьж ярилцлаа. Тэрбээр “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Галзуу зугаалга” зэрэг 10 гаруй кино найруулжээ. 

Түүний бүтээсэн кинонууд адал явдалт, уянгын, романтик жанрын байдаг бөгөөд дүрийнхээ араншин, ур чадварыг сорьсон зөрчил ихтэй үйл явдлаар өрнөдгөөрөө онцлогтой. Тэгвэл тус студийн бүтээсэн “Хиртээгүй сарнай” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Шинэ киноны талаар болон уран бүтээлийн тухай түүнтэй хөөрөлдлөө.


-Тун удахгүй нээлтээ хийх “Хиртээгүй сарнай” уран сайхны кино нийгмийн ямар сэдвийг хөндсөн бэ. Яагаад энэ киног хийх санаа сэдэл төрсөн бэ?

-“Хиртээгүй сарнай” кино нь залуучуудын хайр дурлалын сэдэвтэй, романтик, триллер жанрын кино. Хайр сэтгэлээс болж залуус маань алдуузай, зөв яваасай, хүн байгаасай гэдэг талаас нь хийхийг зорьсон. Зохиол дээрээ хагас жил сууж, нэлээн бодож бичсэн. Энэ киног охин Х.Баярмаадаа зориулж бүтээлээ. Ханьдаа зориулж “Нинжин сэтгэл” киног хийсэн. Охин маань гадаадад сургуульд сураад төгсөөд ирлээ. Үүнийх нь баяр бахдал болгож, жүжигчин талаас нь сорьж охиноо гол дүрд тоглуулсан. “Хиртээгүй сарнай” кино маань миний найруулсан 12 дахь бүтээл. 12-ын тоо надад их бэлгэшээлтэй санагддаг.

Би өөрөө арванхоёрдугаар сарын 12-нд төрсөн. Буурал аав, ээж маань 12 бэрх гэж монгол тоглоомоор үргэлж нааддаг байсан. Миний анхны хийсэн телевизийн нэвтрүүлэг “12 давхар” гэж нэртэй байсан бол миний ханийн маань 107.5 ФМ радиод хөтөлсөн нэвтрүүлэг “12 давхар” гээд нэртэй байдаг. Энэ тоонд их дуртай.

-Жүжигчдээ хэрхэн сонго­сон бэ. Нэг жүжигчин олон кинонд тоглоод байхаар дүр­дээ наалдаж өгөхгүй байгаа юм шиг санагдаад байдаг...

-Эрэгтэй гол дүрд жүжигчин О.Амгаланбаатар, эмэгтэй гол дүрд Х.Баярмаа тоглоно. Амгаа маань олон кинонд тоглосон хүн. Мэргэжлийн сургуулийг нь дүүргээгүй ч байгалийнхаа өгөгдлөөр явж байгаа чадварлаг жүжигчин гэж үнэлж явдаг. Миний хань С.Өлзийхүү энэ кинонд тоглож байгаа.

Мөн түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан Ч.Болд, Б.Баяржавхлан,  Б.Болдбаатар, Х.Сумьяадорж нар тоглоно. Х.Сумьяадорж бол миний бага хүү. Урлагийн салбарт анхны дүрээ авч байгаа нь энэ юм. СУИС-ийн жүжигчний гуравдугаар курст сурдаг. Хүү маань Анагаахын их сургуульд сурч байгаад сэтгэл зүрхнийхээ дуудлагаар урлагийн замыг сонгосон. Хүүд маань өвөөгийн юм байх шиг байна шүү.

-Та эхнэртээ зориулж бүтээсэн “Нинжин сэтгэл” киногоо хэр хугацаанд хийсэн бэ. С.Өлзийхүү жүжигчний харцыг би таниагүй л дээ. Ялангуяа үрээ алдаад, дараа нь шоронд орж байгаа тэр хэсэгт үнэхээрийн дотортой тоглосон. Эхнэрийнхээ авь­яас чадварыг уран бүтээлч талаасаа юу гэж хардаг вэ?

-Энэ киног 3-4 жил бодож явсан. Киноны санааг бодит амьдралаас сэдэвлэсэн. Газар дээрх ганц үрээ алдсан хүний зовлонг нүдээр харсан. Энэ зовлонг би дайсандаа ч хүсмээргүй зовлон юм билээ. Гэхдээ тэр хүн энэ хагацлыг амсуулсан хүнийг өршөөж байхыг харсан. Өлзийхүү маань зохиол уншаад уйлж байсан л даа.

Хүн сэтгэлдээ гомдол, хорслын чулуу тээгээд явах хэцүү шүү дээ. Хүзүүнээсээ дөнгөлүүлсэн юм шиг л хүнд, хөндүүр оргиж явна. Сэтгэл гэдэг эрхтэнг эрүүл байлгахын тулд уужуу сэтгэл, баяр баясгалан, ууч өгөөмөр сэтгэлээр дүүргэж байх хэрэгтэй гэж л бодсон доо. Миний хань байгалиас өгсөн агуу их өгөгдөлтэй. Хүн талдаа маш их тэвчээртэй, уужуу, шулуун шударга хүн дээ.

-Та хоёр урлагийн тогоонд, бас нэг гэрийн тоонон дор биесээ хэрхэн бүтээж, багтаж явдаг юм бол?

-Урлагийн ч гэлтгүй хүн хэрэв гэр бүл болсон бол нэгийн биеийн нөгөө тал гэж ханиа бодох хэрэгтэй. Тэр хүнээс илүү юм хүсэх хэрэггүй, байгаагаар нь л хайрла. Бид хоёр ажлаас юм уу, хүүхдээс л болж маргаж байсан байх. Хань минь үглэдэггүй, үлгэрлэдэг хүн байхгүй юу. Энэ чанарыг нь хараад өөрийн эрхгүй л эмээх, хүндлэх сэтгэл төрдөг дөө. Хань маань хүнтэй муудвал муудсан шиг муудна. Хүнийг хайрлавал хайрласан шиг хайрлана.

Миний хийсэн юм бүхэн алдаа, өр болж ирээд байх ч бас хэцүү. Хүн чинь алдаагаа тэр үедээ олж хардаггүй юм байна. Б.Жамъян хуурчийн “Аргалж хийсэн юм амжилт хэзээ ч авчирдаггүй юм” гэсэн үг миний битүүрсэн нүдийг онгойлгох шиг л болсон. Эргээд хийсэн юмаа харсан чинь болохгүй юмыг л тэр чигт нь зүтгүүлээд байсан байгаа юм. Хийсэн юмнаасаа ичиж үхмээр. Хүн нэг үгээр босож ирдгийн жишээ энэ.

-Танд кино бүтээл хийх зохиолын санаа хэр их байна вэ?

-Байна аа байна. Өглөө ажилдаа ирээд л санаагаа эхлүүлдэг ч тэгсхийгээд зогсчихдог. Олон санааг сэглээд сэглээд орхижээ. Олон жил зохиолоо бодоод явахад нэхээс шиг ур, ир нь ханадаг л даа. Тэр цагт л бүтээл болдог. Бүтээл өөрөө төрөх хугацаатай, хувь талилантай байдаг юм билээ. Би өөрөө адал явдалтай, тулаант чиглэлийн кино хийхийг боддог л доо. Гагцхүү юунаас болж, яагаад гэдэг асуултанд хариулагдаж байх хэрэгтэй. Нийгэмд болдог нуугдмал амьдралын хар барааныг ил тод болгох нь урлаг юм л даа.

Гэхдээ нухацтай, баримттай юм хийх хэрэгтэй. Бас хайр дурлалын сэдэвтэй кино маш олон байдаг шүү дээ. Түүнээс ялгахын тулд арай өөр өнцгөөр гаргахаар “Хиртээгүй сарнай” киногоо хийсэн. Энэ киноны хайр дурлал нь 18 настнуудын дурлалаас арай өөр л дөө. 20 гарсан 30 дөхөж яваа залуусын хайр дурлалыг илэрхийлэх хүнд юм байна. Анхныхаа хувилбараас огт өөр болсон. Уран бүтээлийн баатар өөрөө өөрийгөө аваад явчихдаг тавилантай юм билээ.

-Та сэтгэхүйн талын бүтээл дээр сууж байна уу?

-Арт чиглэлийн кино үзэхээр маш уйтгартай санагддаг. Жишээ нь, Толстой, Чехов, Достоевскийг уншихаар нэг л хүнд агаад дотогшоо яргасан шинжтэй. Достоевскийн “Гэм зэм” романаар жүжиг найруулж байгаа юм байна. Би харин энэ романаар нь триллер кино хийе гэж бодож байсан. Аллагын сэдэвтэй, сэтгэл зүйн зөрчилтэй, сэтгэхүйн адармаатай кино хийвэл сонирхолтой болох байсан. Гэмт үйлдлийн дараа өөрийгөө мянгантаа шаналган шийтгэлээ ч  засрахгүй шүү дээ. Дээрх зохиолчдын зохиол яагаад зуун зууныг дамнаад амьд халуунаараа оршоод байна гэхээр хүн төрөлхтний мөнхийн сэдвийг харуулсан байдаг. Ийм л бүтээл хийх юм сан гэж боддог.

-“Аюултай харилцаа” кинон дээр хүн төрөлхтний мөнхийн сэдэв гардаг байх аа. Энэ киноны хоёрдугаар анги гарна гэсэн сураг гарсан?

-Энэ кинон дээр гардаг шиг гэр бүлийн гадуурх харилцааны асуудлыг байх ёсгүй гэж хүн төрөлхтөн өөрсдөө хэлдэг хэр нь байсаар байдаг. Мөн гол дүр Туулын хувьд байр сууриа олчихсон, бизнесээ амжилттай авч яваа өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэй. Гэтэл нэг залууд дурласныхаа төлөө доромжлуулах ёсгүй байхгүй юу. Туул бол “Би чиний тоглоом биш, нэр төрөө авч үлдэх ёстой, амьдралаас авна гэснээ авдаг” гэсэн тийм л хүн. Үзэгчид цааш үргэлжлүүлэхийг хүсэж байгаа байх.

Гэтэл яаж гэдэг нь сонин байгаа юм. Гэр бүлийн үл хүндэтгэсэн байдал, шунал хүслээс маш их зөрчил гардаг. Хүн хувиа хичээсэн зангаас болж зөрчил их үүсдэг юм  шиг. Зөрчилгүйгээр амьдрал уйтгартай ч юм шиг. Тэгэхээр хүн өөрөө л зовлонгийн үрээ тарьдаг байгаа биз.

-Та бол урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог гуай  “Сахиул уу, сахиус уу”, Говь хянганд тулалдсан нь”,  “Аравт” зэрэг олон арван кинонд тоглож Богд хааны дүрийг бүтээсэн. Аавынхаа ямар чанараар бахархаж явдаг вэ?

-Аав минь аливаад зүрх сэтгэлээсээ ханддаг, хүнд их тустай хүн. Аав байгаа газар инээд хөөр цалгиж, дуу хуур халгиж байдаг. Өвөрмонгол, буриад, дөрвөд гээд ястан ястны хэлний аялгыг гаргууд дуурайж ярина, элэглэнэ. Аав минь тэгэхээр монгол туургатны хүн юм шиг. Тэр бүхэнтэй нөхөрлөж, наргиж явсан учраас л тийм олонтой явдаг байх. Ахмадуудын маань үгний цаана үг нууж хэлдэг ухаан гэж агуу юм бий. Ёжилж хэлнэ, егөөдөж хэлнэ. Тэр ухааныг л ухаж ойлгох сэтгэлийн өнгөртэй байх хэрэгтэй.

-Аав тань хүүдээ мар­ташгүй зэмлэл, ухаарлыг хэзээ, хэрхэн өгч байсан бэ?

-Би сахилгагүйтлээ, хичээлдээ муу авлаа гээд аавдаа гөвүүлж байсан. Аавдаа гөвүүлсний буруу ч юу байх вэ, рашаан болдог. Гэхдээ гөвөхгүй хэлсэн үг нь сэтгэлд илүү тод үлддэг юм билээ. Тавдугаар ангид байхдаа  би гэдэг амьтан ядарсан хүүхэд дээрэлхээд цүнхээ бариулчихсан пээдгэр  яваа юм байлгүй дээ. Тэгээд гэртээ ирэхэд аав маань “Их муу эр хүн өөрөөсөө ядарсан хүнд дээрэлхүү байдаг шүү. Энэ бол эр хүнд баймааргүй муухай шинж юм шүү” гэсэн.

Энэ үг миний тархинд хүнийг ялгаж харьцаж болохгүй гэдэг ухааныг суулгасан. Хүнтэй мэндтэй устай байх хэрэгтэй. Одооны хүүхдүүд хүнтэй мэн­дэлж сураагүй байна. Энэ их шүүмжлэлтэй хандмаар санагддаг.

-Таны багш ямар хүн байсан бэ, багшийнхаа тухай дурсан ярина уу?

-Миний багш Х.Энхжаргал гэж сайхан хүн байсан. Бурхан­даа одоод олон жил боллоо. Эрдэм номын төлөө, шавь нарынхаа төлөө амьдралаа зориулсан хүн байсан даа. Багшийн маань хийсэн “Алтан үрэл” жүжиг “Гүүр”, “Тахиат цаг” хүүхдийн нэвтрүүлэг Монголын үндэсний телевизийн алтан фондод хадгалаатай бий. Багш маань “Найруулагч юм бол чи хүнийг сонсож сур. Найруулагч гэхээр л мугуйд байх ёсгүй, бүтээл чинь чиний л нэр гарна” гэж хэлдэг. Бас “Чи өөрөө зохиол бичээд өөрөө найруулна гэж байхгүй шүү, алдаагаа олж харахгүй шүү” гэж хэлнэ. Би энэ тангаргийг нь зөрчөөд л явж байна. Би чинь бас муугаа мэдэхгүй байж хүнийг их голох юм аа, яг хүсээд байгаа санааг минь гаргаж чадахгүй юм. Үг нь хүртэл шимгүй санагдаад байх юм. Багш, аав хоёр минь магтвал “Овоо доо” л гэж хэлнэ дээ. Багшийнхаа дурсгалд зориулж дорвитойхон бүтээл хийнэ дээ гэж сэтгэлдээ бодож л явна.

Одоо би Радио телевизийн дээд сургуульд найруулагч, жүжигчний ангийн оюунуудад багшилж байна. Багшилж байхдаа л “Ээ, тэр үед багшийгаа сонсох минь яав даа” гээд л багшийгаа их санадаг.

-Та “Дурлалын сүм”, “Баавгай дурлах уу”, “Амьдрал өөрөө хичээл” зэрэг жүжиг бичиж, найруулж байсан. Цаашид жүжгийн зохиол бичих үү?

-“Дурлалын сүм” жүжгээрээ “Гэгээн муза” шагнал авч байлаа. “Баавгай дурлах уу” зохиолыг зохиолчоос нь зөвшөөрөл авч хүүхдийн мюзикл жүжиг болгож найруулсан. Дараа нь охиныхоо ангийн хүүхдүүдэд зориулж “Амьдрал өөрөө хичээл” жүжгийг бичсэн. Мөн “Худалч эхнэр”-ийг тавьж байлаа. Цаашид жүжгийн бүтээл тавих бодол бий. Жүжиг бол жүжигчний болон найруулагчийн ясыг нь тогшдог хүнд хэрнээ амттай төрөл л дөө. Өөрийгөө анзаараад байхад энтертайнмент чиглэл рүү түлхүү сонирхолтой явж байгаа юм байна.

-Цар тахлын үед хүмүүсээс их сонин араншин гарахыг харлаа шүү дээ. Энэ бүхнээс сэдэвлэж кино хийх бодол байдаг уу?

-Хүн төрөлхтний муухай араншин бий. Тэр нь л илэрсэн. Үхэл, амьдралыг шийдэх эцсийн мөчид, амь дэнсэлсэн үед хүнээс ямар чанар илрэх вэ гэдэг сонин. Оюутан байхдаа “Харанхуйд” гээд оюутны ажил хийж байлаа. Түүнийгээ жүжгийн зохиол болгоё гэж бодож явдаг юм. Газар хөдлөлтийн дараа нуранги дор таван залуу амьд үлддэг. Хаашаа ч гарах гарцгүй тэнд олон хоноход хүмүүс өлсөж үхэхгүйн тулд яах вэ.

Торхонд хийсэн харх шиг таван хүн нэг нэгнээ идэх үү, яах уу гэдэг нь их сонин. Багш маань “Хутганы ирэн дээгүүр юмыг харж байгаарай, ийшээ, юу, тийшээ юу гэдэг сонголт дээр дандаа дэнсэлсэн хурц гаргалгаа, шийдэл, үйл явдал өрнүүлж байгаарай” гэж хэлдэг байсан.

-Олон ангит кинон дээр ажиллаж байна уу?

-“Сүнс тонилгогч” нэртэй олон ангит кино хийхээр төлөв­лөж байна. Хоёр ертөнцийн гүүр болсон хүний тухай л даа. Солонгосчууд тэр жанрын кино зөндөө л хийдэг. Залуучууд “Зэрэгцээ ертөнц” гээд кино хийж л байна. Зохиолын үйл явдлыг хэрхэн өрнөх вэ гэдэг дээр бодож л явна. Би “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 10-аад цувралыг хийж байхад Цэвээн гэж буурай шүүгч хийж байсан. Тэр хүнээс орой нь цоорох үзэгдэл байдгийг мэдсэн. Орой нь цоорсон хүн далд ертөнцийг мэдэрдэг, элдэв юм хардаг, хоёр ертөнцийн гүүр болдог байна. Энэ их сонирхолтой санагдсан.

-Монголд театрын урлагийн хөгжил ямар шатан­даа явж байна гэж боддог вэ?

-Театр Монголд ус, агаар шиг хэрэгтэй. Бидний багад Цирк, Драм, Дуурь, Хүүхэлдэйн театраар байнга үзвэр үзүүлдэг байлаа. Урлагийн гоо сайхан бидний хүмүүжилд маш их эергээр нөлөөлсөн. Циркийн барилгаа нураагаад хаячихлаа. Энэ мөхөл нь сэргэлтийн өмнөх үзэгдэл байх гэж л найдаж сууна. Би найруулагч япон найзаасаа их ичиж билээ. “Бүхэл бүтэн улсын нийслэлд хоёрхон театр байдаг юм уу, чиний санаа зовдог уу” гээд л нүд нь орой дээрээ гарсан. Өмнө нь театрын найруулагчид бүтээлээрээ өрсөлддөг байлаа шүү дээ.

Одоо нэг л гөлгөр, урсгалаараа болчихож. Гэтэл гадаадын театрын тайзан дээр бороо орж, цас бударч, тайз нь эргэж, солигдож төгс шийдлийнхээ чинээнд тулчихсан байна шүү дээ. Манайх бахь байдгаараа л аль 19, 20 дугаар зууны хэв загвар, хоцрогдсон арга технологиороо байгаа нь эмгэнэлтэй. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн урлаг соёлыг хөгжүүлэх салбарыг хариуцсан дарга нарт сэтгэл дутаад байна.

-Кино бүтээдэг хүмүүсийн хувьд киногоо цацах, эдийн засгийн эргэлтэнд олруулах тал дээр ямар бэрхшээл гардаг вэ?

-Кино театруудад бүтээлийн чанарт хяналт тавьдаг хэмжүүр, шалгуур гэж юм алга. Ирсэн бүх киног чихэлдүүлээд зэрэг цацаад байдаг. Чанартай киног нь эрэмбэлээд гаргаад байвал үзэгчдийн ч цаг зав, мөнгө төгрөгийг хэмнэнэ шүү дээ. Өрсөлдөөнөөс л сайн бүтээл төрнө дөө. Үзэгч гэдэг чинь хам­гийн үнэнч шүүгчид байдаг юм.

-Соёлын яамнаас киноны тухай хууль гарсан. Та ажлын хэсэгт оролцсон хүний нэг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Ажлын хэсэгт нь хэсэг явж үзсэн. Харин батлагдсан хуулийг үг бүрчлэн судалж уншаагүй байна. Киноны хууль маш хэрэгтэй. Гадаад, дотоодын кино уран бүтээлчтэй хамтрах зэрэгт “Танайд киноны хуультай юу” гэж асуудаг юм билээ. Хуультай болсон юм чинь олон гарц, боломж нээгдэж байна даа л гэж харж байна. “Хэнд ч хэлээгүй нууц” гэсэн нэртэй гэр бүлийн хүчирхийллийн тухай кино маань 2019 онд зураг авалт нь хийгдсэн. Энэ киног гадаадын наадамд сойх бодол бий. Ирэх гуравдугаар сард цацагдах байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.219) 2021 оны 11 сарын 18

Хүсэлбаатарын кино ч мэдэхгүй, найруулга, зохиомж муутай л байдаг. Эхнэр, охин 2 нь нэмэрлээд харин дээрдсэн байж магадгүй

0  |  0
Top