Г.Солонго: Жангар туулийг хүүхдийн жүжиг болгон бүтээж буй нь улсдаа анхдагч юм

2021 оны 11 сарын 16

Монголын утга зохиолын гурван оргилын нэг болох Жангар туулийг хүүхдийн жүжиг болгон Завхан аймагт тавихаар бэлтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонготой ярилцлаа.


-Танай шинэ уран бүтээл болох Жангар жүжгийн талаар ярилцацгаая. Яагаад энэхүү туулийг сонгон хүүхдийн жүжиг болгохоор шийдэв ээ?

- Жангар хүүхдийн жүжгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “баатарлаг туульсуудыг дэмжин дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021”, Завхан аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний бахархал-Монгол өв соёл” арга хэмжээ хөтөлбөрүүдийн хүрээнд  соёл урлагаар дамжуулан хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх нийгмийн төлөвшилд эх оронч, үнэн шударга, эв эеийг эрхэмлэгч, дайчин баатарлаг ухамсрыг оюун сэтгэлгээнд нь шингээж өгөх зорилгоор туулийг хүүхдийн жүжиг болгохоор шийдсэн.

Монгол туулийн хэл бол гайхамшигтай уран яруу байдаг. Монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, олон ястаны аман аялгууны онцлогийг агуулсан. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Ардын аман зохиолын хөгжлийн явцад бий болсон яруу найргийн хамгийн том төрөл бол монгол тууль. Тиймээс залуу хойч үедээ сурталчлан таниулахад Жангар хамгийн тохирсон тууль гэж бодож байгаа.

-Энэ жүжгийн бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ. Олон нийтэд хэзээ хүргэхээр төлөвлөж байгаа вэ?

-Жангар тууль хүүхдийн жүжгийг 2020 онд тайзнаа туурвихаар төлөвлөсөн байлаа. Гэсэн ч цар тахлын улмаас түр зогссон. Өнөөдрөөс эхлэн сэргээн тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бэлтгэл ажил 80 хувьтай байгаа. Олон нийтийн хүртээл болгож ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн.

-Энэхүү жүжгийг зөвхөн аймагтаа тоглох уу. Эсвэл бусад аймгууд, нийслэлд ч тавих уу. Энэ тал дээр ямар төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцахгүй юу?

-Эхлээд өөрийн театрт амилуулна. Дараа нь нийслэл болон бусад аймгуудад хүргэх, мөн монгол туургатан улс орнуудад хүргэх зорилт тавьж байна. Цаашлаад бид энэхүү санаачилгаа Монгол ардын аман зохиолын төрөл болох Жангар туулийг цогц хөтөлбөр болгон хөгжүүлэх юм. Энэ хүрээнд орон нутгийн хүүхэд залуучуудын байгууллагуудтай хамтарч Хүрдэн хэлхээ хэлэлцүүлэг, “Жангар миний нүдээр” гар зураг, эсээ бичлэгийн уралдаан, сургалт зохион байгуулна. Ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэсэн бүтээлч хамтын ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Жангар хүүхдийн жүжгийн найруулагч, жүжигчдийг танилцуулахгүй юу?

-Жангар жүжгийн зохиолчоор УДЭТ-ын урын сангийн эрхлэгч, зохиолч Д.Мэндсайхан, ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотын Театр урлагийн дээд сургуулийн магистрант, УДЭТ-ын туслах найруулагч /ГИТС/ МУСТА Э.Ёндоншарав, ерөнхий продюсераар миний бие, ерөнхий зураачаар С.Ариунболд, туслах найруулагчаар Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий найруулагч Б.Сандуйжав нар тус тус ажиллаж байна. Жүжигчдийн тухайд “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээн Занабазарын дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авч байсан Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Ч.Лхагвадорж, Тойн ламын дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналт жүжигчин, МУСТА Б.Сандуйжав, жүжигчин С.Нямжав, А.Цэрэнбалжир нар болон аймгийн Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид оролцон тоглож тайзнаа амилуулах юм.

-Жангар жүжиг юугаараа онцлог болох вэ. Ямар хэлбэрээр тайзнаа тавигдах бол?

-Бид Жангарыг орчин цагт тохируулан найруулж, уран бүтээлээр дамжуулан хүүхэд залуучууддаа хүргэхээр зорьсон. Жангар туулийг хүүхдийн жүжиг болгон тавьж байгаа нь Монгол улсдаа анхных юм. Бид бүхэн Жангар хүүхдийн жүжгийг орчин үеийн шинэлэг сценографик тайз декрацын шийдэл, найруулга зүйн өөр, өөр хэв маягаар тайзнаа амилуулж байна.

-Туулийн агуулгыг орчин үед шилжүүлж тайзнаа амилуулах уу. Эсвэл зохиолоороо тавигдах уу?

-Туулийн агуулгыг барьж орчин үеийн хэлбэр жанрт шилжүүлэн тайзнаа амилуулна. Жангар хүүхдийн жүжгийн зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан, жүжгийн зохиолч Д.Мэндсайхан бичсэн. Мэдээж туулийг жүжгийн зохиол болгон бичнэ гэдэг зохиолч хүний шаргуу судалгаа, дүгнэлттэй холбоотой. Олон хувилбартай жангар туулиудыг уншиж өөр хооронд нь харьцуулан байж бүрэн хэмжээний жүжгийн зохиолоо ургуулан туурвина гэдэг бол жүжгийн зохиолч хүний чансаа байх даа.

-Жүжгийн бэлтгэл ажлын үеэр ямар асуудал хамгийн их тулгарсан бэ?

-Бэлтгэлийн явцад тулгарсан хамгийн том асуудал бол бэлтгэл хийх бололцоо байлаа. Халдвар тархах эрсдэлээс сэргийлж, бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэл хийх боломж хомс байсан юм. Энгийн үед өдөр шөнөгүй л бэлддэг байлаа.Гэсэн ч удахгүй нээлтээ хийх болохоор тэр асуудлыг тоолгүй, хичээнгүйлэн ажиллаж байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top