Гол мөрний мөсөн дээгүүр ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд газар товчлох зорилгоор, гол нуурын мөсөн дээгүүр зорчиж, осолдсон гэх хоёр дуудлага онцгой байдлын газарт иржээ.

Тодруулбал, Архангай аймаг, Түвшрүүлэх сумын нутагт Дунд нуурын мөс цөмөрч, автомашин суужээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ослын газарт ажиллаж, автомашиныг татан гаргажээ.

Мөн Хөвсгөл аймагт байх Цагааннуурын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны машин осолдож, хоёр зорчигч тэвшин дээрээ гарч, нэг нь нуурын усанд осолджээ. Ослын газарт онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очиж, машины тэвшин дээр байсан хоёр иргэнийг эсэн мэнд эрэгт хүргэсэн байна. Харин нуурын усанд осолдсон 30 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа аж.

Иймд, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх аюултай байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top