Х.Нямбаатар: Амь нас, сэтгэл санааны хохирлыг үнэлдэг хуультай болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Төрийн ордонд өнөөдөр /2021.10.15/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар илтгэлдээ сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж байгаа гэдгээ дурдсан. Энэ асуудлаар түүнээс байр суурийг нь сонирхсон юм.

Тэрбээр "Хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Манай хууль зүйн салбар сүүлийн 30 жилд нэг асуудлыг огт шийдэж чадаагүй. Тэр нь эдийн бус буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж үнэлдэг вэ гэдэг үнэлгээг хийж чадаагүй юм. Манай яам дээр Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаад хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Өмнө нь хэвлэл мэдээлийн байгууллага, сэтгүүлчдэд хуулийн үзэл баримтлал, төслийнхөө танилцуулгыг хийнэ. Мэдээж маш их шүүмжлэл дагуулна. Хүний амь насыг тэдэн төгрөг гээд маш тодорхой заасан зохицуулалт хууль дээр тусгагдаж байгаа. Сэтгэл санааны хохирлыг ийм хугацааг тэдээр үнэлнэ гэдэг ч юм уу, нэлээн олон түмний дунд ухуулга, сурталчилгаа танилцуулга хийхгүй бол болохгүй. Дээр нь олон хүүхэд, эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Энэ тохиолдолд сэтгэл санааны хохирлыг авч чадахгүй байгаа нь маш олон хүнд харамсалтай зүйлийг дагуулдаг. Тун удахгүй сэтгэл санааны хохирлыг үнэлдэг эрх зүйн зохицуулаттай болно, танилцуулгыг тун удахгүй хийнэ" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top