Д.Ганбат гишүүн С.Эрдэнийн хүүг өмөөрсний хариуд Ц.Тувааныг хөөлгөв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Өнгөрсөн даваа гарагт /2021.10.11/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан. Бүлгийн хурлаар нөхөн сонгуулийн дүн хангалтгүй гарсныг хөндөөд, бүлгийн дарга Д.Ганбат сул ажиллаж байгааг зарим гишүүд нь шүүмжилжээ.

Ийнхүү бүлгийн хурал дууссан ч Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах тухай маргаан бүлгийн гишүүдийн өрөөнд үргэлжилжээ.

Д.Ганбат ч мөчөөгөө өгөхгүй гишүүдтэйгээ хэрэлдэж, суудлаа хамгаалж үлдэхийн тулд С.Эрдэнэ дээр хадаг барьж очсон бололтой. Сүүлийн хэд хоног Д.Ганбатын амнаас Э.Одбаяр гэх үг цөөнгүй гарах болсон нь ч учиртай. С.Эрдэнэ хүүгээ өмөөрүүлж, хариуд нь Ц.Тувааныг "зайлуулж" өгөх тохироог Д.Ганбаттай хийсэн байж мэдэх юм. Д.Ганбат С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг өмөөрч, хорих 461 дүгээр ангид эргэж очсон талаараа сүржин даржин бичлэг цацсан нь бүлгийн даргаар үлдэх тохирооны учгийг тайлах мэт.

Энэ бүхний эцэст С.Эрдэнийн АН буюу М.Тулгат даргатай АН-ынхан Ц.Тувааныг намаасаа хөөсөн тухай хэвлэлийн хурлыг өнөөдөр /2021.10.14/ хийв.

Уг хэвлэлийн хурлыг Д.Ганбат тэргүүлж, ард нь М.Тулгат бараа болжээ. Ийнхүү Ц.Тувааныг хөөлгөж буй цаад шалтгаан нь Д.Ганбатыг огцруулж, Ц.Тувааныг бүлгийн дарга болгох санал гарсантай холбоотой ч байж мэдэх юм. Мөн энэхүү хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг бүлгийн гишүүнээс хассан талаар мэдэгдсэн. 

УИХ, орон нутаг, Ерөнхийлөгч, нөхөн сонгууль гээд сонгууль бүрт ялагдах болсон АН-ынхан өнөөдөр ч эвлэрээгүй болохыг Д.Ганбатын энэ үйлдэл нотлоод өгөх мэт. Нөхөн сонгуулийн өмнө хоёр АН нэгдэж буйгаа зарлаж, их хурлын товоо ч тогтоосон. Чухам энэ үеэс О.Цогтгэрэл, М.Тулгат нар дөрөө холбон, Төрийн ордноор холхиж, жагсаал цуглаан, нөхөн сонгуулийн пиар хийсэн ч тэдний эвлэрэл хэдхэн өдөр үргэлжлэв бололтой.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянхонгор(43.242.243.101) 2021 оны 10 сарын 17

Битоны өмнөөс ичих юмаа

0  |  0
Top