Б.Энхбаяр: Дуусаагүй барилгад гэрчилгээ олгодгийг таслан зогсооно

2021 оны 10 сарын 05

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2021.10.04/ өргөн барилаа. Өмнөх Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйн улмаас иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байсныг хууль санаачлагчид онцоллоо.

Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд төрийн байгууллагуудын нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах, сууц өмчлөгчид орон сууцны дэвсгэр, орчны газрыг эзэмшдэг болох зэрэг асуудлыг тусгажээ. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдах аж.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан гишүүдийн байр суурийг хүргэе.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үндсэн гурван агуулгатай. Нэгдүгээрт, нийтийн орон сууцны эргэн тойрны болон орчны газрыг орон сууц өмчлөгчид нь хувь ногдуулж эзэмшүүлэх тухай байна. Хоёр­дугаарт, эмнэлэг, сургууль гэх мэт төрийн байгууллагын эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын дарга, захирал, эрхлэгч дур мэдэн зориулалтыг нь өөрчлөхийг хязгаарлах агуулгыг тусгасан. Энэ бол өнгөрсөн 20-30 жилд газрын авлига, нийтийн хэрэгцээний газар, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай барих газаргүй болсны үндсэн шалтгаан юм. Тухайн байгууллагуудын дарга нар газраа зарсан гэхэд болно. Хүүхдийн тоглоомын талбайг буулгаж, орон сууцнууд ихээр барилаа. Үүнийг хязгаарлая гэж байгаа. Гуравдугаарт, дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг байдлыг таслан зогсооно. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 500 орчим дуусаагүй барилгын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байна. Гэтэл орон сууц захиалж байгаа иргэд үүнийг нь мэдээгүй. Орон сууц захиалж байгаа иргэд 100 хувь төлбөрөө төлсөн байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй. Энэ асуудлаас хохирсон иргэд 10-20 мянга болсон байна. Хохирлын мөнгөн дүн нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэхээр боллоо. Хамгийн сүүлд “Буянт-Ухаа” спорт цогцолборын хойно баригдсан орон сууцад амьдардаг олон зуун иргэд жагслаа. Тэд мөнгөө 100 хувь төлсөн боловч орон сууцны гэрчилгээ нь гарахгүй байна. Яагаад гэвэл, тухайн барилгын компани барилгаа барьж дуусаагүй байхдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад, банк санхүүгийн байгууллагад барьцаалсан байсан. Барьцаанд байгаа орон сууцнаас захиалж, 100 хувь төлбөр төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарахгүй хохирч байгаа энэ мэт асуудал олон байна. Дээрх асуудлуудыг Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар таслан зогсооно.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын таван гишүүн тусгайлан энэ хуулийг санаач­лан өргөн барьж байгаа гол шалтгаан гэвэл Баянзүрх дүүрэг хүн ам хамгийн ихтэй, үүнийгээ дагаж дэд бүтэц, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ ихтэй дүүрэг. Ажил явуулахад газар чөлөөлөх асуудал бэрхшээл болдог. Жишээлбэл, шаардлагатай байгаа 960 хүүхдийн сургуулийг барихад хоёр тэр­бум төгрөгийн нөхөн олговор гаргаж, хоёроос гурван жил хөөцөлдөж газар чөлөөлөлт хийдэг. Нийслэлийн төсөвт газар чөлөөлөхтэй холбоотой санхүүжилт тавьдаг боловч хүрэлцдэггүй. Ирэх 10 жилд Баянзүрх дүүрэгт 40 мянган хүүхэд сургуульд орох тооцоолол байна. 960 хүүхдийн 42 сургууль барьж байж тэдний хэрэгцээ шаардлагыг хангана. Гэтэл сургуулийн захирлууд нь дур мэдэн хувийн компаниар орон сууц бариулаад, талыг нь багш нартаа өгөөд үлдсэн орон сууцаа зарчихдаг. Тиймээс газар худал­даж аваад улсын бүтээн байгуулалт хийх гэхээр газар нь олддоггүй. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас Газ­рын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ялан­гуяа эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн нэн чухал хэрэгцээтэй сал­барын бүтээн байгуулалтад газрыг хам­гийн түрүүнд олгож, дарга нар нь дур мэдэн борлуулахгүй байх зохицуулалтыг хуу­лийн нэмэлт өөрчлөлтөд онцолж орууллаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд өөрсдийнхөө оршин сууж байгаа газрыг эзэмшиж, бусад этгээдээр барилга байшин бариулахгүй, эрүүл, аюулгүй, тав тухтай орчноо бүр­дүүлэх боломжтой болно. Мөн төрийн ­байгууллага, албан газар албан хэрэг­цээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар хуралдаанаараа шийдвэрлэх зохицуулалт оруулсан. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарлах юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Төрийн өмчид байдаг эмнэлэг, сургуулиудын газрыг дур мэдэн хэн нэгэн эрх мэдэлтэн, дурын барилгын компанитай хамтран хүч түрэн газар авдаг байдал сүүлийн 20 гаруй жил хүчтэй явагдаж байна. Эмнэлэг, сургуулиуд газаргүй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болж байгааг та бид мэдэж байгаа. Тухайлбал, 2020 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд намайг очиж уулзахад, Монголын үндэсний их сургууль тус төвийн орц гарцыг хааж, газар өмчлөлд нь халдсан асуудалтай танилцсан. Эмнэлгийн байгууллагуудад эрх мэдэлтэй хүмүүс хүч түрэн халдаж, газрыг нь булаадаг байдлыг таслан зогсоох нь маш чухал юм. Төрийн өмчлөлтэй газруудыг хамгаалахад тус хууль ихээхэн нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Газрын тухай хуулийн нэмэлт өөрч­лөлтийг иргэд хамгийн ихээр хүсэн хүлээ­сэн. Баянзүрх дүүргийн иргэд бидэнд хүсэлтээ хэлсэн. Тус хуулийг иргэдийн орон сууцаа баталгаажуулах хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой асуудлаар олон улсын жишигт нийцсэн байдлаар боловсруулсан онцлогтой. Орон сууцад байгаа айлууд дундын өмчлөлийн газраа өөрсдийнхөө нэр дээр тодорхой хэмжээнд эзэмших боломжтой болно. СӨХ-ны дундын өмчлөлийн газар, тухайн орон сууцны гадна ямар ногоон байгууламж, тохижилт хийх асуудалд иргэд өөрсдөө оролцож саналаа өгдөг давуу тал үүсэх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын ерөн­хий төлөвлөгөөтэй холбоотой ажиллах боломжтой чухал хуулийн төслийг Баян­зүрх дүүргийн иргэдийн санаачилгаар тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид өргөн барилаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top