Дунд гол руу цемент цутгаж, загас жараахайг устгаж байна

2021 оны 10 сарын 06

Нийслэлийн дундуур урсдаг болохоор ч тэр үү Сэлбэ, Дунд гол олны хөлд өртөж бохирдож, хохирох нь элбэг. Гэхдээ энэ удаа зүгээр нэг бохир урсгасан биш харин бүр химийн хор усанд хольж, Дунд голын загас жараахайг хядаж байгаа мэдээлэл сонины редакцад ирсэн юм. Тиймээс өчигдөр манай сурвалжлах баг мэдээллийн мөрөөр Энхтайваны гүүрний орчим очлоо.

Бага үдийн 11.00 цагийн орчимд тус гүүрнээс зүүн тийш гол даган явахад эрэг нь илт захлан цайрчээ. Ойртож харвал эргийн захаас гадна усны гүехэн хэсгийн ёроолыг ч цагаан тунадас хучсан байгаа нь харагдав. Энэ бол Дунд голын усыг цөөнгүй хоног бохирдуулж, эргээс нь ёроол хүртэл хучиж орхисон гэсэн үг. Усны өнгө эрэг дагуу загалтан цайрч, тэр бохир дунд өехийгөөрөө эргэсэн алгын чинээ загаснууд хөвж байлаа. Иргэдийн манай редакцад өгсөн мэдээллээр бол барилгын компани усанд шавартай цементээ урсгасаар ийм байдалд хүржээ.

Сурвалжлагын явцад ч энэ нь таамаг төдий зүйл биш гэдэг нь илэрсэн юм. Доор дэлгэрэнгүй бичих болохоор ингээд орхиё. Хамгийн харамсалтай нь, Дунд голын эрэг дагуу алхаж явахад үхсэн загасны сэг, биеийн элдэв тасархай цөөнгүй тааралдав.

Усанд байгаа амьд амьтан ийнхүү үхэж үрэгдэж байгаагаас үзэхэд асар хүчтэй хордуулсан нь илт байна. Ер нь бол загас тэр тусмаа зэвэг, хадран бол нэлээд амь бөхтэй амьтан. Үүнийг мэдэхэд заавал загас судлаач, эсвэл загасчин байх албагүй юм. Хаврын хаварт үерийн дараа гол тасарч нийлэхэд загас хэсэг бусгаараа тогтоол усанд тасраад үлдчихдэг. Үүнийг ялангуяа Туул, Дунд голын эргээр хүүхэд ахуйдаа тоглож өссөн хүмүүс бол мэднэ. Тэр бохир шалбаагт л хэдэн зуугаараа хэдэн сар ч хамаагүй тэсдэг амьтан шүү дээ. Гэтэл шалбаагт зуссан ч, голд хөлдсөн ч тэсээд байдаг загаснууд өехийгөө эргүүлээд хөвж явааг харах муухай байлаа. Энэ бол  их хэмжээний хороор хордуулж байгаагийн илрэл юм.

Туул, Дунд гол бол угтаа нэг гол. Өнгөрсөн жилүүдэд загасчлалын спортынхон, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи гээд төрөл бүрийн хувь хувьсгалын байгууллагууд хамтран загас нутагшуулж ирлээ. Жилдээ л 50-100 мянган зэвэг загасны жарамгай тавьсан тухай мэдээ хөвөрдөг. Усны урсацыг нь сайжруулахаар Германаас минж хүртэл авчирч нутагшуулж байлаа. Үр дүн нь ч эхнээсээ гарч Биокомбинат, Яармаг, Дулааны станцаас эхлээд Маршалын гүүрний хаана ч шидсэн төөгөөс томхон зэвэг загас барьчихаар болсон гэдгийг загасчид ярьдаг. Харин одоо загас нь байтугай ус нь хор болжээ.

 

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ АШИГЛАН ЦЕМЕНТТЭЙ УСЫГ ГОЛ РУУ ШАХАЖ БАЙВ

 

Дунд голын эрэг бол манай хот төлөв­лөлтийн хамгийн эмгэнэлтэй бодит жишээнүүдийн үзүүлэн болсон нэг цэг л дээ. Өчигдөр ч хэд хэдэн барилгын ажил тэнд эд үргэлжилж байв. Гэхдээ тэдэн дундаас Дунд гол руу барилгын цементтэй усаа цутгаж буй компанийг олоход хэцүү байсангүй. Голын цайрсан эргийг дагаж дунд гол руу цементтэй бохир ус хаанаас нийлээд байгааг олохоор явлаа. Улмаар Энхтайвны гүүрний ойролцоох Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн насос станцын хажууд буй ус зайлуулах хоолойноос цементээр булингартсан ус гол руу орж байгааг олсон юм.

Энхтайваны гүүрнээс баруун талд 500 орчим метр зайтай газар буюу Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Ниссан” төвийн баруун талд “Амбер лаб, инспейкшн” хэмээх хаягтай хашаанд нэгэн барилгын ажил явж байв. Чухам эндээс л цементээр дүүрсэн лаг шавартай ус гарч гол бохирдуулж байгаа юм байна. Барилга барьж буй талбай нь угаасаа нам, хонхор газар болохоор доороо цэвдэг, ус ихтэй аж. Иймээс суурь цутгахаар ухсан нүхнийхээ усыг нь шавхаад цутгалт явуулах гэтэл дахин, дахин усаар дүүрчихээд барилгачдыг сандаргаж байгаа бололтой. Энэ болгонд суурь цутгахад бэлтгэсэн цемент шавартай холилдсон усыг барилгачид 300-400 метр урт хоёр ч бүдүүн ногоон хоолойгоор дамжуулан ус зайлуулах суваг руу хийгээд байгаа юм байна. Тэр нь ус дамжуулах хоолойгоор явсаар замын доогуур гарч Дунд голд цутгаж байна.

Сурвалжлагч очсон болохоор уулзахыг хүссэнгүй юу “Инженер алга” гэчихээд бүгдээрээ нүүр буруулах аж.  Нэгэнт л нөхцөл байдал ийм болсон болохоор тэнд ажиллаж байсан хүмүүсийг илүү зовоосонгүй. Монгол Улсад барилга барьж буй аль ч компани тухайн хашааныхаа хаа нэгтээ олон нийт харахаар газарт хэдэн давхар, ямар зориулалттай барилгыг, ямар зураг төслөөр босгож буйгаа тайлбарлаж, скиз зурагтай нь тавьсан байх ёстой. Гэвч энэ барилгын тухайд тийм зүйл байсангүй. Үүний зэрэгцээ харамсаад барахгүй зүйл бол нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул гол руу Дунд голоор дамжуулан цемент шахаж байгаа нь юм. Ийм илт бусармаг ажлаасаа ичих нь битгий хэл нуухыг ч хүсээгүй байгаа нь гачлантай.

Химийн найрлага талаасаа цементын түүхий эдийн 75-80 хувь нь карбонатын, 20-25 хувь нь шаврын компонент, бусад нэмэгдлүүд байдаг. Энэ бол уух нь битгий хэл амьсгалж болохгүй эд гэсэн үг. Тэгвэл энэ бодиснууд 817 км үргэлжилдэг хатан Туул голоор дамжин Монгол орноо гороолж явна. Зөвхөн Улаанбаатар хот ч биш, улс даяар хор уршиг нь илэрч болох зүйл юм. Энэ талаар манай сонин эрүүл мэндийн мэргэжлийн хүнээс тодруулга авч хүргэх болно.

 

ХЭРЭГ НЬ ПРОКУРОРТ ОЧСОН Ч БАРИЛГЫНХАН АЖЛАА ХЭВИЙН ЯВУУЛСААР...

Уг асуудлын талаар Экологийн цаг­даагийн албанаас тодруулахад “Хуулийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүнтэй холбоотой мэдээллийг лавлах хэрэгтэй. Манай байгууллагад өргөдөл, гомдол ирсэн бол харьяаллын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлдэг. Тиймээс Экологийн цагдаагийн албанд гол руу цементтэй ус цутгаж байна гэдэг мэдээлэл өгсөн ч бид асуудлыг шийдэхгүй гэсэн үг. Хууль нь өөрөө ийм байдаг. Манай талаас үүнтэй холбоотойгоор холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал өгсөн” гэв.

Ямар ч байсан өнөө сүр дуулиантайгаар байгуулагдаж байсан Экологийн цагдаагийн алба нь яг экологи сүйтгэсэн хэрэг дээр ажиллах боломжгүй газар аж. Хүн хүч, цол тушаалтай, байр сууцтай боловч гараад хэн нэгний хууль бус үйлдлийг таслан зогсоох, арга хэмжээ авчих хуулийн эрхгүй байна гэдэг зүгээр л нүдээ аниад сууж бай гэсэнтэй ялгаагүй мэт. Тиймээс бид Дунд голын усны асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай холбогдсон юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Батсайханаас тодруулахад “Дунд голын аюулгүй байдал алдагдсан асуудалтай холбоотой гомдол энэ сарын 1-ний өдөр ирсэн. Хэргийг нээгээд, прокурор шалгаад явж байна. Ямар компанийн барилгын ажил гэдгийг ил зарлах боломжгүй. Эхний ээл­жинд 14 хоногийн хугацаатай шалгана. Мэр­гэжлийн байгууллагын шалгалт, дүгнэлт эхэлж хийгдэх хэрэгтэй. Зөрчил илэрвэл да­раа дараагийн арга хэмжээг авна” гэсэн юм.

Улаанбаатар хотын төвийн хамгийн том ногоон талбай магадгүй Дунд голын саваар байгаа байж болох юм. Гэвч олон нийт ч, төрийн байгууллагууд ч энэ хэсгийг төдийлөн ойшоож үздэггүй. Үр дүнд нь хог новшоор дүүрч, газрыг нь энд тэндээс нь сэмлэсээр байна. Ингэсээр бүр хортой ус голд шахаж, загас жараахайг нь хядаж, Туул голоор дамжуулан Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийг дамнан хордуулж байхад анхаарлаа хандуулж байгаа хүн цөөхөн байна. Туул, Дунд гол, Сэлбийн газрын гүний усны нөөц нь нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болж байдгийг ч бодолцох цаг болжээ. Тиймээс бид энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд орох хүртэл мартахгүй сануулсаар байх болно.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top