Д.Тогтохсүрэн: Эдийн засгийг сэргээхэд чиглэж ажиллана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.04/-ний ээлжит хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал болон түүний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Хэлэлцэх асуудлын жагсаалтад хэлэлцэхээр оруулсан 250 орчим хуулийн төсөл бий. Зарим нь шинээр өргөн барьсан, зарим нь нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд байна. Эхний ээлжинд дөрвөн чиглэлд онцгой анхаарч, УИХ-аар хэлэлцүүлүүлэх хуулиудын бэлтгэлийг хангах талаар ярилцсан.

  • Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.
  • Хоёрдугаарт, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийх эрхзүйн шинэчлэлийн олон хууль бий. Үүнийг бас нэн даруй хэлэлцэх шаардлагатай.
  • Гуравдугаарт, 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхээр өргөн барьсан. Үүнийг сар гаруйн хугацаанд хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батална гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн.
  • Дөрөвдүгээрт, мөрийн хөтөлбөрт багтсан хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцэнэ” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top