Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хууль өргөн барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ерөнхий сайдын захирамжаар Авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байнгын үйл ажиллагаатай ажиллаж байна. Долоо хоног бүр Засгийн газрын ээлжит хуралдаанд тайлангаа тавьдаг. Манай Ажлын хэсэг гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, авлигатай тэмцэх чиглэлээр хууль зүйн орчноо боловсронгуй болгоход чиглэж ажиллаж байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг аравдугаар сарын дундуур Засгийн газарт танилцуулна. Энэ хуульд хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг дагуу эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлтэй холбоотой сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой бүлэг асуудал тусгагдаж байгаа" гэв.

Түүнчлэн "Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн орчныг нь тодорхой болгох шаардлагатай гэдэг чиглэл өгсөн. Энэ чиглэлд хууль боловсруулж, Ажлын хэсэг ажиллаж байна. Төрийн үйл ажиллагааг хэрхэн цахимжуулах вэ, бүтцийг боловсронгуй болгох, шат дамжлагыг багасгах зэрэг цогц ажил хийгдэж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 1-ний өдрөөс сум дүүргийн аймаг нийслэлийн газрын албанд дугаарлахгүйгээр газар эзэмшигч нь гарчилгээгээ цахимаар хэвлэж авах боломжтой болж байна" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top