Их аварга Хакүхо юуны учир зодог тайлав?   

2021 оны 09 сарын 28

Мэргэжлийн сүмо бөхийн цагийг эзэлсэн их аварга Хакүхо зодог тайлахаар шийджээ.

Мэдээж цаг хугацаа гэдэг тасралтгүй урсдаг хойно зодог тайлах цаг эрт орой хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой байсан. Тайхо, Чиёонофүжи, Таканохана зэрэг сүмо бөхийн олон аваргууд энэ л жамаар зодог тайлан одсон. Японд сакүра цэцэг будран унах лугаа адил одох гэсэн үг бий. Сүмо бөхөд бол ёкозүна цолтон зодог тайлахдаа ч энэ л цэцэг шиг үзэсгэлэнтэй сайхан одох ёстой гэсэн утгатай. Хакүхо хамгийн сүүлийн тэмцээндээ нэг ч өвдөг шороодолгүй 15 давсан амжилтаар 45 дахь түрүүгээ аваад дэвжээгээ орхиж байна. Үүнийг л зодог тайлалтын хамгийн сайхан жишээ гэж хэлэх байх.

Нөгөө талаас Монгол шинэ ёкозүна төрчихсөн тул монгол сүмочдынхоо буухиаг таслалгүй, дараа үедээ хүлээлгэн өгөөд сэтгэл амар дэвжээнээсээ нисэн одсон биз ээ, Цагаан Гарьд.
 


Хакүхо бол сүмо бөхийн түүхэн маш олон амжилтын эзэн.

Түүний тогтоосон амжилт дотор хэзээ ч, хэн ч эвдэж чадахгүй агуу рекорд олон бий. Дурдаад байвал дуусахгүй гэхэд болно. Түүнд сүмо бөхөд хоргодоод барилдаад байх шалтгаан үгүй. Зодог тайлсны дараах амьдрал урт.

Зодог тайлах гол шалтгаан бол гэмтэл бэртэл. Энэ олон жил барилдахад элдэв гэмтэл зөндөө л тохиолдоно. Сүмо бөх жилд 6 башётой тул эмчлүүлж амжилгүй тойргийн барилдаан, дараагийн тэмцээнд орох болно. Ёкозүна цолтон байхгүй бол үзэгчдийн тоо цөөрнө. 15 өдрийн барилдаан болгонд ёкозүна дохёнд гарах ёслол хийж, үзсэн хүмүүс  тэр өдрийнхөө хийморь лундааг сэргээнэ. Хакүхо ёкозүна болсон цагаасаа хойш ЁКОЗҮНА гэдэг нэрийг, цолыг нэр төртэйгээр хадгалж, үүрэг, хариуцлагаа дэндүү ухамсарладаг байсан. Тайхо аваргатай уулзаж, аварга хүн ямар байх ёстой талаар байнга зөвлөгөө авдаг байсан. Тийм ч болохоор гэмтэлтэй ч үзэгчдийг хүндлэн, барилдсаар байдаг байлаа.
 


2010 онд Асашёорюү зодог тайлснаас хойш тэр удаан хугацаанд сүмогийн ертөнцийн ганц аварга нь байлаа.

Сүмогийн холбоог төлөөлнө, элдэв ёслол, арга хэмжээ тасрахгүй, барилдах үүрэгтэйгээс гадна хэлсэн үг, хийсэн үйл хөдлөл бүгд хяналт дор. Ялангуяа сүмо үндэсний спорт тул холбоо нь маш хуучинсаг. Дээр нь Ёкозүнагийн зөвлөл гэсэн нэг байгууллагатай. Сүмод огт хамаагүй зохиолч, зураач, сонины газрын эзэн зэрэг олон эрхмээс бүрдсэн энэ газар ёкозүна цол олгох асуудал эрхэлдэг ч үнэндээ монгол аваргуудыг бол өөлөх, шүүмжлэх нь олонтаа. Хүнд гэмтлээ бүрэн эмчлүүлэх зав ч олголгүй барилд гэж шахна.

Сүмо бөхийн хамаг рекордыг эвдсэн их аваргад анхааруулга өгнө. Түрүү бөхийн ёслолд монгол хэлээр мэндчилгээ хэллээ гэж шүүмжилнэ, үзэгчдийг уухайлууллаа гэж загнана.  
 


Хакүхо Токиогийн олимпод оролцсон Монголын шигшээ багийн албан элч төлөөлөгчөөр ажилласан. Олимпын тосгонд монгол тамирчдтайгаа уулзаж, тэмцээн үзэн дэмжихээр очиход мөн л хэвлэл мэдээллээр бөмбөгдөж байлаа.

Токиогийн олимп бол их аваргын хувьд жирийн нэг олимп биш маш их утга учиртай наадам байсан. Алс тэртээ 1964 онд Токиод болсон олимпын наадамд монголчууд анх удаа оролцсон. Аваргын аав Жигжидийн Мөнхбат аварга чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байв. Тиймээс энэ жилийн Токиогийн олимпод оролцох нь түүний хувьд их чухал үйл явдал байсан юм.

Хакүхо өөрөө ч Токиогийн олимпын дараа зодог тайлна гэж ярьж байсан. Долоодугаар сарын тэмцээний түрүү бөхийн ярилцлага дээр дараагийн зорилго гэж сэтгүүлч асуухад Хакүхо"Ёкозүна цолтой 900 давах" гэж хариулж байсан юм. Нагоя башёгийн дараа түүний ёкозүна цолтой давааны тоо 899 байсан тул дараагийн Намрын тэмцээнд нэг давахад л 900 даваа. Тэр үгийг сонсоод аварга Намрын тэмцээнд нэг даваад зодог тайлах нь дээ гэсэн сэтгэгдэл төрж байсан билээ.  
 


Ийм олон үйл явдал ээлж дараалан тохиолдож байхад ямар ч хүн юуны төлөө олныг баясган барилдаж байгаадаа эргэлзэх зүйл гарах биз. Магадгүй барилдах хүсэл алга болж ч болох.

Одоо Хакүхогийн өмнө ояката болж, шавь нараа аварга, арслан болгох зорилго бий. Гарын шавь ч олон. Мэргэжлийн сүмод түүхэнд үлдсэн их аваргууддаа ичидай тошиёри хэмээх онцгой эрх олгодог. Хэн дуртайд нь өгөхгүй энэ эрх нь зодог тайлсан хойноо өөрийн нэрээр шинэ дэвжээ байгуулах эрх юм. Сүмогийн урт удаан түүхэн дунд Тайхо, Китаноүми, Чиёонофүжи, Таканохана гэсэн дөрвөн аваргад л энэ эрхийг олгосноос Чиёонофүжи сайн дураар татгалзаж байв.
 


Удахгүй Сүмогийн холбооноос Хакүхогийн зодог тайлах хүсэлтийг албан ёсоор хэлэлцэнэ. Энэ хурлаас манай их аваргад нэрээрээ дэвжээ нээх эрх өгөх ёстой.

Монголчууд бид "Хакүхо" дэвжээний бөхчүүдийг дэмжиж, дээлийн захыг нь мушгиж суух болно.

- ИХ АВАРГА ХАКҮХОГИЙН РЕКОРД АМЖИЛТУУД - 
 

МАКҮҮЧИ ТҮРҮҮ
 

  1. Хакүхо - 45
  2. Тайхо - 32
  3. Чиёонофүжи - 31
  4. Асашёорюү - 25
  5. Китаноүми - 24
  6. Таканохана - 22

ДАРААЛСАН ТҮРҮҮ
 

  1. Хакүхо - 7  (2010.03-2011. 05)
  2. Асашёорюү - 7 (2004.11-2005.11)
  3. Тайхо - 6 (1962.07-1963.05)
  4. Тайхо - 6  (1966.03-1967.01)
  5. Хакүхо - 6 (2014.05-2015.03)

ДЭЭД ЗИНДААНЫ ДАВААНЫ ТОО
 

  1. Хакүхо - 1093
  2. Кайо - 879
  3. Чиёонофүжи - 807
  4. Китаноүми - 804
  5. Тайхо - 746

НИЙТ ДАВААНЫ ТОО
 

  1. Хакүхо – 1187
  2. Кайо – 1047
  3. Чиёонофүжи – 1045
  4. Тайхо – 964
  5. Китаноүми – 951
  6. Кёкүтэнхо – 927

ЁКОЗҮНА ЦОЛТОЙ ЯЛАЛТЫН ТОО
 

  1. Хакүхо - 899
  2. Китаноүми - 670
  3. Чиёонофүжи - 625
  4. Тайхо - 622
  5. Важима - 466
  6. Асашёорюү - 463

ЁКОЗҮНА ЦОЛТОЙ БАРИЛДСАН БАШЁ
 

  1. Хакүхо - 84
  2. Китаноүми - 63
  3. Чиёонофүжи - 59
  4. Тайхо - 58
  5. Таканохана - 49

ЁКОЗҮНА ЦОЛТОЙ ДАРААЛСАН ЯЛАЛТЫН ТОО
 

  1. Хакүхо - 63
  2. Чиёонофүжи - 53
  3. Тайхо - 45
  4. Фүтабаяма - 36
  5. Хакүхо - 36
  6. Асашёорюү - 35

15 ДАВААТАЙ ТҮРҮҮ
 

  1. Хакүхо - 16
  2. Фүтабаяма - 8
  3. Тайхо - 8
  4. Китаноүми - 7
  5. Чиёонофүжи - 7

ДАРААЛАН ДАВСАН АМЖИЛТ
 

  1. Фүтабаяма - 69
  2. Хакүхо - 63
  3. Чиёонофүжи - 53
  4. Тайхо - 45
  5. Асашёорюү - 35

ЖИЛИЙН ХАМГИЙН ОЛОН ДАВААТАЙ БӨХИЙН ШАГНАЛ

  1. Хакүхо - 10
  2. Китаноүми - 7
  3. Тайхо - 6
  4. Таканохана - 5
  5. Асашёорюү - 5

ЭХНИЙ 8 ӨДӨРТ 50 ХУВИА ХИЙСЭН ТОО
 

  1. Хакүхо - 51
  2. Чиёонофүжи - 25
  3. Асашёорюү - 23
  4. Тайхо - 22
  5. Китаноүми - 20


БУСАД АМЖИЛТ
 

  • Оны хамгийн олон даваатай бөхийн шагналыг 9 жил дараалан авсан – 2007-2015 он. №1
     
  • 80-аас илүү даваатай жил -  2009、2010、2013、2014. №1
     
  • Оны шилдэг сүмочийн шагнал – 10 удаа.(2007 - 2015、2019)№1
     
  • Дээд зиндаанд 50 хувиа хийсэн башё – 84 башё. №1
     
  • Дээд зиндаанд дараалан 50 хувиа хийсэн башё – 51. 2007оны 1 сараас 2015 оны 7 сар. №1
     
  • 10-аас илүү даваатай башё – 79. №1
     
  • Ёкозүна цолтой 10-аас илүү давсан башё – 67. №1

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.138) 2021 оны 09 сарын 29

Гайхалтай хэлэх үг алга. Аварга даа монгол хүний, аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явсанд баярлалаа. Олон хүнд гайхалтай үлгэр дуурайлал боллоо. Зөвхөн бөхчүүдэд бус хүн чин сэтгэлээсээ зүтгэж чадвал юуг ч бүтээж болохыг Монголчууддаа харуулж чадлаа. Аварга даа энгийн амьдралдаа улам их амжилт гаргахыг хүсье...

3  |  0
Загвар(192.82.85.82) 2021 оны 09 сарын 29

ЯПОН МОНГОЛ ЭНЭ ТЭР ГЭХЭЭСЭЭ ЯПОНЫ ИХ СҮМОД 1ТОМ ОРГИЛ УУЛ БҮТЭЭЛЭЭ. ХАКУХО БА БУСАД ЯПОН МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ ГЭЖХЭЭС ӨӨР АНГИЛАЛ АЛГА. АМЖИЛТ ХҮСЬЕ МОНГОЛЫН ДОМОГТ АВАРГА ХАЛХЫН ХАНАГАР ХҮҮ ЮМ.

5  |  0
Д.ХАЛЗАН(202.179.24.115) 2021 оны 09 сарын 29

ҮНЭХЭЭР МОНГОЛ БАХАРХАЛ БОЛЖ ТҮҮХЭНД ҮЛДЛЭЭ ОЛОН САЙХАН МОНГОЛ БӨХ ДЭВЖЭЭНДЭЭ УРЬЖ ОЛОН САЙХАН АЬАРГА ТАРҮҮЛЭЭРЭЙ

4  |  0
Ёко(172.69.252.136) 2021 оны 09 сарын 29

Олон монгол ёкозуно тарүүлэх болтугай.

6  |  0
Монгол хүн(172.70.188.80) 2021 оны 09 сарын 29

япон бөх зодог тайлна уу, зодгоо өмсөнө үү? бидэнд ямар хамаатай юм бэ

0  |  8
П.Баттогтох(66.181.185.48) 2021 оны 09 сарын 28

Дараагийн карьерт өндөр амжилт хүсье. Мэдээж хоёрдох замнал нь өмнөх тамирчин байсан замналаас нь илүү агуу байна гэдэгт эргэлзэхгүй байна.

3  |  0
иргэн(103.26.193.100) 2021 оны 09 сарын 28

Аав ээж насан өөд болоход хүний түшиг тулгуур алга болсон мэт болдог. Аугаа их аварга аавыгаа өөд болсноос хойш гэмтэл бэртэл их авч гадаад дотоодын олон урт хэлтнүүдээс хамгаалах хамгаалалтгүй болсноос сэтгэл санаа өөдлөхгүй л байгаа. Дээр нь дээш нь гаргахгүй гэсэн атаачдын хар энерги нөмөрч ирээд хэцүү байгаа биз дээ. Гэхдээ л халхын их аваргын хүү шүү дээ

3  |  0
demjigch(66.181.161.34) 2021 оны 09 сарын 29

sain huu amidrald ni az jargal husen eruue.Er muutai Gan erdene gej durak ikh tom amalj baij saihan unasan daa setgel hanamj estoi saihan baisan 7 sariin bashed

2  |  1
Top