[БИДНИЙ НЭГ] "Супер" таксины супер жолооч Э.ТЭМҮҮЛЭН

2021 оны 09 сарын 28

Монголын анхны “супер” таксинд суусан тэмдэглэлээ энд сийрүүлэн бичив.


Их хотын иргэд нэг л бухимдангуй алхана. Замын түгжрэлд орсон жолооч нар ууртай гэгч нь дохиогоо дуугаргаж, урдах жолоочоо, ер нь эргэн тойрны хэнийг ч байсан бухимдуулна. Түгжрэл гэх цагийн манаанд иргэд бараг бүгд ингэж уурсдаг ч үүнийг шийдэж чадахгүй өдөр хоногууд өнгөрсөөр... Гэхдээ бухимдал, түгжрэл дундуур салхи татуулан давхих нэгэн олны анхаарлыг эрхгүй татна. Тэр бол унадаг дугуйтай “супер” таксичин залуу. Жолоочийг нь Э.Тэмүүлэн гэдэг. Тэр гурван дугуйтаа өөрөө "Супер такси" гэж нэрлэсэн тул бид ч бас түүний нэршлээр нь онцлон бичлээ. 

Э.Тэмүүлэн хөгжлийн бэрхшээлтэй ч бусдын бодоогүйг бодож, түгжрэлийг үл тоон, үргэлж сэтгэл тэнүүн давхих нь сайхан санагддаг. 



Э.Тэмүүлэн 2019 оноос дугуй унаж эхэлжээ. Анхандаа ганц л суудалтай дугуй унадаг байсан бол одоо тэр өөрөө жолооддог, ардаа хоёр хүний суудалтай дугуйтай болжээ. 

Хүн зөөвөрлөх энэ ажлаа өнгөрсөн тавдугаар сараас эхэлжээ. Тэр энэ ажилдаа үнэхээр дуртай. Хотын төвөөр унаагаа хөлөглөөд түгжрэлийг үл хайхран явахдаа жаргалтай байдаг.

“Супер” такси цахилгаанаар ажилладаг. Хоёр батарейтай бөгөөд нэг батарей нь хол явсан үед нэг өдөр, бага км явсан үед гурван өдөр цэнэгээ барьдаг гэнэ.

Түүний эрхэлдэг үйлчилгээг сонирхохоор бид "Өглөөний гудамж" руу явлаа. "Тэнгис" кино театраас "Өглөөний гудамж" явах хооронд Э.Тэмүүлэн гурван ч удаа эргэж харан “Миний унаа ямар байна, гоё байгаа биз” хэмээн чин сэтгэлээсээ асууж байв. 
 



Үнийн хувьд ойр газар 3000 төгрөгөөр, хол газар 5000 төгрөгөөр, бүр хол газар 7000 мянган төгрөгөөр явдаг гэнэ. Тэр өөрөө явах замыг сонсоод, хол, ойрыг нь баримжаалчихдаг аж.

Хотын төв замаар явахад хажуугаар зөрөх машины дотроос хүн бүр гайхан харж байлаа. Гэрлэн дохионы ойролцоо зогсож байтал хажуугаар зөрсөн хосууд “Яасан хөөрхөн такси вэ” гээд инээсээр зөрөв. Цааш явж байтал хажуугаар зөрсөн машины жолооч зориуд шилээ доош буулгаж ирээд бас л гайхах маягтайгаар өнөөх хосын хэлснийг давтав. Түүнд ийм зүйл их тохиолддог гэнэ.  “Таксинд маань суусан хүн бүр ямар гоё унаа вэ гэж хэлдэг шүү” гээд их л баярлангуй байх.

Э.Тэмүүлэн саажилттай учир ганцаар алхахдаа тааруухан. Магадгүй энэ бэрхшээлээ шийдэхийн тулд дугуй унах болсон байх.

Хэрхэн таксинд явах болсон талаараа “2019 оноос эхлээд дугуй унах болсон. Харин энэ жилээс таксины үйлчилгээг орлож болохоор юм шиг санагдаад тавдугаар сараас хүмүүст үйлчилж эхэлсэн” гэж тэр ярив.



Бороо их орсон өдөр таксиндаа явдаггүй. Харин цаг агаар сайхан үед 12:00 цагаас ажилдаа гардаг. Өдөржин явсаар 22:00 цаг хүртэл ажилладаг гэнэ.

Ингэж явахдаа хүн тааруу үед 15 мянган төгрөг олдог. Харин хүн их үед 50 мянган төгрөгийн орлоготой ажилладаг гэнэ. “Нэг өдөр 65 мянган төгрөг олсон” гээд их л баярлангуй хэлж байлаа.

Э.Тэмүүлэн арваннэгдүгээр сар хүртэл өөрийн хайртай унаагаараа үйлчлэх аж.

“Өвөл явмаар л байгаа. Гэхдээ халтиргаа ихтэй болохоор ид хүйтний үеэр чадахгүй байх. Арваннэгдүгээр сар хүртэл яваад завсарлана. Дараа жил хоёр сараас явж эхэлнэ” гэлээ.



Түүний таксинаас буухын завдалгүй хоёр залуу ирээд гайхан харж, гандан руу явах эсэхийг асуугаад суув. Гэтэл өөр нэгэн “Би суух гэж байлаа” гээд араас нь харамсангуй харан үлдлээ.

Монголын анхны "супер" таксинд суусан тэмдэглэл энд хүрээд дуусав.

Сонирхуулахад, бэрхшээлээ ялан дийлж, өөрт тохирсон санаагаа бизнес болгон хөгжүүлж яваа Э.Тэмүүлэн маань чөлөөт цагаараа фитнессээр хичээллэдэг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Улсын аварга шалгаруулах мистерийн тэмцээнд 2017 онд гуравдугаар байр эзэлсэн гэсэн.

Магадгүй, та түүнтэй хотын хаа нэгтээ таарвал “супер” таксигаар нь үйлчлүүлж, урам хайрлаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top